“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 95 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зарлигаар цэргийн ажилтан, алба хаагчдад Төрийн дээд одон медаль гардуулах ёслол 2016 оны гуравдугаар сарын 22-нд боллоо. Төрийн дээд одон медалийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа нарын БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд гардуулсан. Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын орлогч дарга, хурандаа С.Дашзэвэг, БХИС-ийн Аюулгүй байдлын сургуулийн захирал, хурандаа Д.Ваня, БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, дэд хурандаа Э.Бямбажав, ЗХЖШ-ын Санхүүгийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Ганбат, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн захирагч, хурандаа Г.Батсүрэн, Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Дэлгэрцог, Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагч, хурандаа Л.Балдан-Очир нарын 13 алба хаагч энгэрээ мялаалаа. Харин “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор БХИС-ийн Батлан хамгаалах удирдлагын академийн захирал, бригадын генерал Н.Энхбаялаг, ЦДБЭЧ-ын гэрлийн найруулагч Ш.Ганбаатар нарын дөрвөн албан хаагч энгэрээ мялаалаа. “Цэргийн гавьяаны одон”-гоор Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн захирагч, хурандаа Н.Алтангэрэл, Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн захирагч, хурандаа Ж.Баатарзориг, БХИС-ийн Батлан хамгаалах удирдлагын акадмемийн аюулгүй байдал, энхийг сахиулах ажиллагааны төвийн дарга, хурандаа Д.Ганбаатар, ЗХЖШ-ын Ар талын газрын цэрэг зэвсэглэлийн хэлтсийн дарга, хурандаа Б.Хадбаатар нарын 24 алба хаагч энгэрээ мялаалаа.
“Алтан гадас” одонгоор Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн кассын нярав Г.Оюунчимэг, БХХСАХНЭ-ийн цахилгааны инженер М.Дорждэрэм нарын таван алба хаагч энгэрээ мялаав. “Цэргийн хүндэт медаль”-аар БХИС-ийн ахлах багш, дэд хурандаа Ц.Одбаяр, ЗХЖШ-ын шадар даргын туслах, ахмад Г.Золбадрах, ЗХЖШ-ын ахлагч, тэргүүн ахлагч Д.Оюунболд, Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн захирагч, хурандаа О.Жамбажамц, Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн ахлах ахлагч Л.Мөнхзул нарын 38, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн малчин Ц.Төмөрбаатар, Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн сувилагч Л.Цэцгээ, ЦДБЭЧ-ын бүжигчин А.Мөнхтуяа, Алдар спорт хорооны арга зүйч багш Д.Энхтөр нарын 20 алба хаагч энгэрээ мялаалаа.
Мөн энэ өдөр Батлан хамгаалахын сайдын тушаалаар эрхэлсэн ажилдаа үр бүтээл, идэвх зүтгэлтэй ажиллаж байгаа офицер, ахлагч, ажилтан алба хаагчдыг салбарын шагналаар шагнаж урамшуулсан. Тухайлбал, Батлан хамгаалах яамны "Тэргүүний ажилтан цол тэмдэг"-ээр БХЯ-ны Хяналт шалгалт, дотоод аудитын газрын дотоод аудитын тасгийн ахлах мэргэжилтэн, хурандаа Д.Найданцэрэн, Төрийн захиргааны удирдлагын газрын албан хэрэг хөтлөлт, төрийн захиргааны асуудал хариуцсан мэргэжилтэн П.Саранчимэг нарыг шагналаа. Батлан хамгаалах яамны "Хүндэт жуух бичиг"-ээр яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийг газрын мэргэжилтэн, дэд хурандаа Д.Содномдаржаа, "Дайчин алдар-3" медалиар ЦДБЭЧ-ын дарга, хошууч Н.Гантулга нарын хоёр, "Эх орны төлөө-1" хүндэт тэмдэгээр яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын тасгийн дарга, хурандаа Б.Эрхэмбаяр, "Эх орны төлөө-2" хүндэт тэмдэгээр яамны Гадаад хамтын ажиллагааны газрын газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа М.Мөнхбаяр нарын гурав, "Эх орны төлөө-3" хүндэт тэмдэгээр яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Ц.Бурмаа нарын хоёр алба хаагч энгэрээ мялаалаа.
Энэ үеэр Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн удирдлагууд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонд "Алдрын-Од" дээд шагналаа гардуулан өгсөн. Энэ нь төр, иргэний харилцааг бэхжүүлэхэд бодитой ажил өрнүүлсэн, цэрэг эрсийнхээ нийгмийн хамгаалалд анхаарлаа хандуулан ажиллаж байгаад талархал илэрхийлж энэхүү хүндтэй шагналаа гардуулж байгаа юм байна.
Ингээд Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медаль гардсан алба хаагчдын сэтгэгдлээс хуваалцлаа.
Хурандаа С.Дашзэвэг:
-"Монгол цэргийн өдөр", орчин цагийн Зэвсэгт хүчний 95 жилийн түүхэн ойн баяраар "Цэргийн гавьяаны улаан тугийн одон" хэмээх эрхэм шагналыг авсандаа баяртай байна. Монгол Улсынхаа эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн түүхийг бичилцэж яваа Монгол цэрэг дэлхийн цэрэг болсон сайхан цаг үед ажиллаж байгаадаа баяртай явдаг шүү. Миний хувьд Зэвсэгт хүчинд цэл залуугаасаа эхлэн ажиллажээ. Цаашдаа эх орон, эр цэргийнхээ төлөө хичээн ажиллана.
Хурандаа О.Жамбажамц:
-Зэвсэгт хүчний 95 жилийн ой болоод Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн 80 жилийн ой гээд баяр давхцсан энэ цаг хугацаанд "Цэргийн хүндэт медаль"-аар шагнуулсандаа баяртай байна. Зэвсэгт хүчинд 21 дэх жилдээ ажиллаж байна. Энэ сайхан хийморьлог албанд олон аавын хүүтэй мөр зэрэгцэн ажиллаж байгаадаа баяртай байдаг. Манай ангийн хамт олон түүхийн алтан хуудсыг баяжуулан зузаатгасан 80 жилийг хамтдаа үдэж, хийж бүтээсэн бүхэндээ урамшин илүү ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзэлээр дүүрэн хөдөлмөрлөж байна.
Б.Оюунцэцэг
Намайг Б.Оюунцэцэг гэдэг. Би "Монгол цэргийн музей"-н Хүний нөөц, архив бичиг хэргийн эрхлэгчээр ажилладаг. Зэвсэгт хүчинд 20 гаруй жил ажиллаж байна. "Монгол цэргийн өдөр"-ийг тохиолдуулан өнөөдөр "Хөдөлмөрийн хүндэт" медалиар шагнуулсандаа, энэ шагналаа салбарынхаа удирдлагуудаас гардан авсандаа эгч нь баяртай байна. Манайх гэр бүлээрээ цэргийн албандаа зүтгэж байна даа. Хань маань Зэвсэгт хүчний 084 дүгээр ангид ажилладаг.