Монголд арми хэрэгтэй юү?!

Хуучирсан мэдээ: 2016.03.23-нд нийтлэгдсэн

Монголд арми хэрэгтэй юү?!

Монголд арми хэрэгтэй юү?!

(Улсаа цэргээр хамгаалах уу?)
Философийн ухааны доктор Б.Батчулуун

Албан ёсны нэр нь “Монгол цэргийн баяр” гэдэг байх, ярьж заншсанаар бол “Цэргийн баяр”-аа бид өнгөрсөн долоо хоногт нижгэрхэн тэмдэглэж өнгөрүүлэх шив дээ. Нэг сонин юм ажиглагдсан нь цэрэгтэй ямар ч холбоогүй ажил алба эрхэлдэг, цэргийн алба огт хааж байгаагүй хүмүүс энэ баярыг өргөн тэмдэглэх аж.

Телевизээр гарч буй нэвтрүүлэг, цэргийн баяртай холбогдуулан санал сэтгэгдэл, үгээ хэлж буй улс төрчид болон иргэдийг харвал өнөөдөр Монгол улс цэрэг-зэвсгийн хүчин чадлаараа АНУ, Хятад, Оростой адил болчихвол бусад улс-орон, ард түмнийг Чингисийн үеийнх шигээ байлдан дагуулах юм сан хэмээн байж ядаж буй хүмүүс олон байгаа бололтой. Гэхдээ одоо “санаа байвч сачий хүрэхгүй” гэдэг нь болно биз.

За энэ ч яах вэ, гол нь энэ баяраас үүдээд аль 40-өөд жилийн өмнө цэрэгт өнгөрүүлсэн 3 жилийн амьдралаа дурсан санахын зэрэгцээ олон улсын байдал үндсээрээ өөрчлөгдсөн өнөөгийн нөхцөлд Монголын армийн нийгэмд гүйцэтгэх функци болоод цэрэг-арми хэмээх хүчирхийллийн институцийн талаарх эргэцүүллээ уншигч олонтой хуваалцъя хэмээн шийдсэн хэрэг.

Одоо ямар болсон юм бүү мэд, бидний үед арми бол социализмын үеийн аливаа байгууллагын нэгэн адил “нүд хуурах” тал дээр маш сайн суралцдаг газар байсан сан. Ротын дарга, ангийн даргын үзлэг, за тэгээд Яам тамгын газраас шалгалт ихтэйг ч хэлэх үү. Сайхан хуурна даа. Харин хуурч чадаагүй бол “паакталлаа” гээд багадаа 3, цаашлаад 5 хоногийн дэг эхэлнэ. Нэг удаагийн зодуур, 50-60 минутын “галуун цуваа”, 60, 80, 100 суниах зэрэг дэг нь хэцүү шаналгаатай ч гол нь хурдан өнгөрдөг учраас гайгүй. Харин салаа, ротоороо буу, баг, ОП цувтайгаа 3-5 хоног явах ч мөн яггүй дээ. Сүүлдээ бүр унтаа, сэрүүн байгаагаа өөрөө мэдэхээ больчихдог сон. Эхний жилдээ зодуур нэлээн сайн үзнэ, 2 дахь жилдээ амиа тээгээд явна. Харин 3 дахь жилдээ хүн дээрэлхэхэд сайн суралцана.

Бид цэргийн албаа дуусгасны дараа амьдралынхаа 3 жилийг үр ашиггүй өнгөрүүлснээ ч тоосон юмгүй “эр хүний албыг давлаа”, “армид жагсаалын дарга, салааны орлогч, тасгийн дарга байлаа”, “цэрэгт ингэж тэгж жаалж байлаа” гээд баахан хөөрцөглөнө өө. Одоо бодоход хайран 3 жил минь, ямар их зүйл сурч мэдэх, юу хийх байсан 3 жилээ алдсан бол гэж харуусдаг.

Тэр үед залуу хөвгүүдийг цэрэгт хүчээр татаж буй шалтгаанаа “социалист эх орноо империалистуудаас хамгаална”, “Хятадын маоистуудтай үзэлцэнэ” гэж тайлбарладаг байсан. Өнөөдөр ч мөн албадлагаар цэрэгт татсаар байна. Юу гэсэн шалтаг хэлж буйг бүү мэд. Ямар ч байсан цэргийн алба хаахаас татгалзвал хэрэгт татна. Гэтэл хүчээр цэргийн алба хаалгаж байна уу, үгүй юү гэдэг нь хүний эрхтэй холбоотой нэлээд эмзэг асуудал байдаг аж.

Итгэл үнэмшил, шашин шүтлэг, ёс суртахуун зэргээсээ шалтгаалж цэргийн алба хаахаас татгалзах эрх хүнд байдаг гэнэ шүү!!! Бид л ажигладаггүй болохоос “цэрэг” гэдэг бол угаасаа хүмүүнлэг бус мэргэжил. Цэрэгт татагдсан хүнд заадаг зүйл бол хүн алах явдал. Гэтэл тухайн хүний шүтдэг шашин “Чи ерөөсөө хүн алах тухай бодож болохгүй”, “Хүн алахын тулд гартаа зэвсэг барих юм бол чи манай шашинд харш үйлдэл гаргаж буй хэрэг” гэвэл яах вэ?! Үзэл бодолдоо үнэнч, үзэл бодол гэдэг бол дуртай үедээ баримтлаад, дургүйгээ хүрэхээр мартчихаж болдог зүйл биш гэсэн зарчимтай хүмүүс байдаг шүү дээ. Ёс зүйн үүднээс ч хүчирхийллийг үзэн яддаг пацифист ёс суртахуунтай хүн байж бас болно.

Хүн цэрэг болсноороо чөлөөт иргэн байхаа больж, төрийн мэдлийн субъект болдог. Төр хүссэн үедээ түүнийг үхэл хүлээж буй газар уруу илгээнэ. Бусадтай тулалдах, бусдыг алахыг шаардана. Тэгэхээр албадлагын доор цэргийн алба хаах нь боолчлолтой адил зүйл юм.

“Эх орноо хамгаалах” гэдэг улиг болсон лоозун байдаг л даа. Үүнийг өнөөгийн Монголын гадаад дотоод нөхцөлтэй холбон улс төрийн агуулгаар авч үзье. Юуны түрүүнд, хэнээс хамгаалах гээд байгаа юм бэ гэсэн асуулт гарна. Бидэнтэй хөрш Хятад, Орос гэсэн хоёр л улс байна (Баян-Өлгийгөөр Казакстантай хиллэдгийг эс тооцвол). Энэ хоёр бол цэрэг-армийн хувьд манайхтай эгнэшгүй, дэлхийд эхний 3-т ордог хоёр гүрэн. “Энэ хоёр улс уг нь манайхыг эзэлье гэсэн санаа агуулж байдаг авч Монголын армиас айгаад орж ирдэггүй юм” гэвэл даан ч гэнэн, бас тэгээд тэнэг дүгнэлт болох байлгүй. Тэд цэрэг армиар манайхыг эзлэхгүй! Бид эдийн засаг, соёл, оюун санааны дархлаагаа сайжруулах хэрэгтэй. Бид эх орон гэж хэнхдэг цээжээ хоосон дэлдэх хэрэггүй. Дэлхийн хүний мэддэг зүйлийг мэдэж, мэдлэг боловсрол, танин мэдэхүй, соёлоороо дэлхийн дунджид оччихсон байхад хамгийн бат батлан хамгаалах хүчтэй болно (Тэр үед тэд эзэлсэн ч эзэлж чадаагүй, бид эзлэгдсэн ч эзлэгдээгүй юм шиг байж болно. Улс-оронд ийм иммунитеттэй иргэн бий болсноор цэрэг-зэвсгээс хамаагүй илүү батлан хамгаалалт бий болдог). Юмсыг материаллаг талаас биш оюун санааны талаас харвал ийм л байгаа юм.

Тэгэхээр Монголд арми хэрэг байна уу? Монгол улс цэрэг-армигүй болчихвол цэрэг-армитай байснаас илүү аюул заналхийлэлтэй учрах уу? “Buffer State”-гийн утгаар Монголыг эзлэхийг Орос, Хятадын аль нь ч бие биедээ зөвшөөрөхгүй. Хамгийн гол нь дэлхий нийт, Өрнөдийн хүчирхэг гүрнүүд (Японыг оролцуулаад), НҮБ хэзээ ч үүнийг тэвчихгүй нь ойлгомжтой. Тэгэхээр бидэнд “батлан хамгаалах хүч” гадна талдаа бий. Манай батлан хамгаалах гол хүч бол дипломатын ухаалаг бодлого, маш чадварлаг тагнуулын байгууллага, цэрэг армигүй улс болсноо зарлаж, НҮБ-ын ивээлд орох явдал. Энэ батлан хамгаалалтаа л бэхжүүлэх хэрэгтэй. ГХЯ энд БХЯ-аас хамаагүй илүү үүрэг гүйцэтгэнэ. Дипломатын маш ухаалаг, прагматик, оператив бодлого!

Иймэрхүү сэдэв миний ажилладаг салбарт хамаагүй л дээ. Гэхдээ энэ бүхнийг олж харахад учиргүй өндөр боловсрол, нарийн ухаан хэрэггүй. Эрүүл саруул оюун ухаанд буух сэтгэмж тул санал бодлоо хуваалцаж буй хэрэг. Бидэнд илт зүйлийг ойлгодоггүй, эс бөгөөс ойлгосон ч хүлээн зөвшөөрдөггүй дутагдал түгээмэл харагддаг. Энэ сэдэв дээр тэр нь гоц гойд илэрнэ гэдгийг ч мэдэж байна. Гэхдээ гашуун ч гэсэн үнэний өөдөөс эгц харах эр зориг, ухаан, гол нь боловсролтой байх хэрэгтэй.

Цэрэг-армигүй болох гэсэн санал мэдээж, хилийн цэрэг, тагнуулын байгууллага, цагдаад хамаарахгүй. Харин ч армиас хэмнэгдэх зардлаас ихээхэн хэмжээгээр эдгээр институцид оноох нь зөв. Улмаар армиас хэмнэгдсэн асар их мөнгөнөөс бидэнд маш их шаардлагатай байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд зарцуулах зүйл юу эс мундах вэ. Энэ мэтчилэнгээр дурдвал энэ нь прагматик гэхээсээ ихээхэн рациональ санал мөн (прагматик санаа бий л дээ, гэхдээ дан ганц эдийн засгийг харгалзаагүй, улс орны нөхцөл байдал, нэр хүнд, олон улсын байдал зэргийг харгалзсанаараа рациональ тал нь давамгайлсан). Гэвч хувь хүн ямагт рациональ, масс үргэлж иррациональ оюун санаан дээр тулгуурлаж байдаг болохоор олонхын хувьд рациональ санагдах нь юу л бол.

Армитай байхын тулд армитай байж боломгүй. Тэгвэл илүүдэл эрхтэн шиг юм болно. Одоо Монголын арми төсвөөс асар их мөнгө саах, хэн нэгнийг сайдын сэнтийд суулгах, хэдэн цэргийн дарга нарыг “тэжээдэг” л газар болоод байна. Энд шууд болон дам утгаараа ямар ч материаллаг баялаг үйлдвэрлэгддэггүй. Зөвхөн зарлага, зарлага, зарлага. Арми шиг татвар төлөгчдийн мөнгийг ховх сордог, аппаратын ажиллагсад нь цэргийнхээ тооноос олон, утгагүй институци Монголд байхгүй. Хэчнээн генералтай гээч. “Зуун ямаанд жаран ухна” л гэсэн үг. (Саяын цэргийн баяраар 3 генерал нэмэгдсэн, одоо наадмаар дахиад дор хаяж 3 генерал нэмэгдэнэ, хараад байгаарай).

Монголд нийтдээ 200-аад генерал төрсөн гэдэг

Монголынх шиг армийг Орос, Хятад, АНУ-д бол нэг л хурандаа удирдах байх. Гэтэл Монголын арми аппаратын бүтцээ улам томруулж, зардлаа ихэсгэн ард түмний нуруун дээр ачаа дарамт үүрүүлж байна. Цэрэг-армийн хангалт чамгүй өндөр: цалин, хувцас, тэтгэвэр гээд. БХЯ маш олон харьяа байгууллагатай. Цэрэг армид их хөрөнгө мөнгө үр ашиггүй урсаж байна. Цэргүүд ч ёс суртахууны хувьд ямар их зэвэрдгийг удаа дараа гарч буй, буу зэвсэгтэй холбоотой хэрэг, аллага таллага харуулж байна.

Энд армигүй улс-орон гэхээр тусгаар тогтнолоо алдчих гээд байгаа юм шиг ойлгоод буй хүмүүсийг тайвшруулахын тулд 1950-53 оны Солонгосын хойгийн дайнд оролцож, дайныг яс махнаасаа үзэн ядах болсон, хожим Хавайн Их сургуульд улс төр судлалын профессороор ажиллаж байгаад тэтгэвэрт гарсныхаа дараа Хүчирхийллийн эсрэг Олон Улсын Төвийг байгуулан ажиллаж буй өвгөн найз Глэнн Д.Пэйжийн хүсэлтээр орчуулсан Аллагагүй нийгмийн тухай улс төр судлал (“Адмон” хэвлэлийн газар, УБ, 2005 он) номоос цэрэг армигүй, армид зарцуулагдах байсан асар их хөрөнгө мөнгийг улс-орныхоо хөгжилд зориулдаг, тусгаар тогтнон энх амгалан оршиж буй улс-орнуудын тухай хэдэн баримтыг эшилье (Уг номын 67-68-р тал).


Проф. Глэнн Д.Пэйж. Сөүлийн Үндэсний Их сургууль, Принстоны Их сургууль, Хавайн Их сургуулиудад багшилж байсан. Одоо АНУ-ын Хонолулу дахь Хүчирхийллийн эсрэг Олон улсын төвийн тэргүүн.


Цэрэг-армигүй улс-орнууд:

Вануату; Ватикан; Гаити; Гренада; Доминик; Кирибати; Коста-Рика; Лихтэнштейн; Мавритан; Мальдив; Науру; Панам; Самао; Сан-Марино; Санта-Лючи; Сэнт-Винсэнт ба Гренадин; Сэнт-Китс ба Невис; Соломоны арлууд; Тувалу

Цэрэг-армигүй боловч бусад оронтой батлан хамгаалах хэлэлцээртэй улс-орнууд:

Андорра (Испани, Франц); Исланд (НАТО болон АНУ); Күүкийн арлууд (Шинэ Зеланд); Маршаллын арлууд (АНУ); Микронези (АНУ); Монако (Франц); Ниуэ (Шинэ Зеланд); Палау (АНУ)

Цэргийн алба хаахаас татгалзах эрхийг хүлээн зөвшөөрсөн улс-орнууд:

Австрали; Австри; Азербайджан; Англи; АНУ; Бельги; Бермуд; Болгар; Бразили; Гайна; Герман; Грек; Дани; Зимбабвэ; Израйль; Испани; Итали; Канад; Кипр (Грекийн хэсэг); Киргиз; Латви; Литва; Мальт; Молдав; Норвеги; Орос; Өмнөд Африк; Парагвай; Польш; Португаль; Румын; Словак; Словени; Суринам; Узбек; Украйн; Уругвай; Финлянд; Франц; Холланд; Хорват; Чех; Швед; Швейцарь; Эстони; Югослав

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж