“Роснефть”-ээс сайд Д.Зоригтод захидал ирүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

“Роснефть”-ээс сайд Д.Зоригтод захидал ирүүлжээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн талаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт энэ сарын 2-ны өдөр ОХУ-ын Шадар сайд И.В.Сечин, Эрчим хүчний дэд сайд А.Н.Шишкин, “Роснефть” компанийн ерөнхийлөгч Э.Ю.Худайнатов нартай Москва хотноо уулзсан байна.

Энэ уулзалт болон “Роснефть” компаниас Эрдэс баялаг, эрчим сайдад  хаяглан ирүүлсэн захидлын талаар сайд Д.Зоригт Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Газрын тосны бүтээгдэхүүнтэй холбоотой асуудлаар ОХУ манай улсад  дарамт, шахалт үзүүлсэн утга бүхий захидлыг Монгол Улсын Ерөнхийлөгч, салбарын сайдад ирүүлсэн тухай зөрүүтэй мэдээлэл зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр гарч байгаа. 

Энэ талаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Засгийн газрын хуралдааны дараа сэтгүүлчдэд залруулга, тайлбар өгсөн байна. Тэрээр хэлэхдээ “Захидалд манай улсыг дарамталж, шахсан зүйл байхгүй. Энэ захидал Ерөнхийлөгчид бус Эрдэс баялаг эрчим хүчний сайдад ирсэн” гэдгийг тодотголоо.

Мөн “Роснефть” манай улсад шатахуун түгээх станцуудаа барьж шатахуун борлуулах, бөөний худалдааны бааз байгуулах зэрэг асуудлыг урьд өмнө ч тавьж байсан. Энэ нь хоёр орны харилцаанд яригдаж байдаг хэвийн асуудлуудын нэг. Захидал бичсэн нь газрын тосны бүтээгдэхүүний талаар ОХУ-ын холбогдох компани нь байр сууриа илэрхийлсэн л зүйл. Манай улс ч гэсэн  махны экспорт, төмөр замын шинэчлэл зэрэг олон асуудлыг ОХУ-д тавьдаг. Үүнтэй утга нэг юм. Харин Оросын талаас тавьсан хүсэлтийг хэрхэн яаж шийдвэрлэх нь манай дотоод асуудал. Өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Цаашид газрын тосны салбарт хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний хүрээнд энэ асуудлыг авч үзэж холбогдох газруудаар хэлэлцүүлэхээр боллоо” гэв. 

Манай улс хэрэгцээт газрын тосны бүтээгдэхүүнийхээ тодорхой хувийг хойд хөршөөс гадна Казахстан, БНХАУ-аас оруулж ирээд байгаа юм. Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанд ойрын үед танилцуулахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгасан байна.  

Хятадаас авах зээлийн асуудлаар УИХ-д хандана

БНХАУ-ын Засгийн газраас олгох 500 сая ам.долларын Экспортын зээлийг ашиглах тухай Сангийн яам, БНХАУ-ын Экспорт-Импорт банкны хооронд байгуулсан зээлийн Ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Ерөнхий хэлэлцээрт талууд гарын үсэг зурсан юм. Зээлийн 200 сая ам. доллараар мах, хуурай сүү боловсруулах, гурилын үйлдвэр, үр тарианы элеватор байгуулах, бага оврын трактор худалдан авах “Хүнс, хөдөө аж ахуйн” төслийг хэрэгжүүлнэ. Үлдэх хөрөнгийг “Шинэ зууны боловсрол”, “Цахим эрүүл мэнд”, “Замын олон түвшний огтлолцол”, “Автозамын уулзвар, төмөр замын дээгүүрх гүүрэн гарц” төслийг санхүүжүүлэхээр тохиролцоод байна. Зээлийн эргэн төлөгдөх хугацаа 20, үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 7 жил байх бөгөөд жилийн 2 хувийн хүүтэй юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж