Шүүхийн шинэтгэлийн хуулиудын төслийг хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

Шүүхийн шинэтгэлийн хуулиудын төслийг хэлэлцлээ

Шүүхийн шинэтгэлийн хуулиудын төслийг шүүгч, өмгөөлөгч, эрдэмтэн багш, иргэд нээлттэй хэлэлцлээ

Шүүхийн шинэтгэлийн багц хуулиудын төслийн нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр   “Иргэний танхим”-д болж, Хууль зүй, дотоод хэргийн яам, Нээлттэй нийгэм форум, их дээд сургуулийн багш, эрдэмтэд, шүүгч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчид оролцон саналаа хэллээ. Хэлэлцүүлгийг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан хэлэхдээ “Шүүх эрх мэдлийн шинэчлэлийн асуудлаар сүүлийн саруудад их ярилаа. Хамгийн оргил хэсэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2011 оны 4 дүгээр сарын 14-15-нд зохион байгуулсан “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс” чуулган байсан. Тус чуулганаар 15 салбар хуралдаан хийж, тулгамдсан асуудлуудыг  нухацтай хэлэлцэж, үнэтэй олон санал, зөвлөмж гаргасан юм. Уг санал зөвлөмжийг судлаад  тэдгээрийг  урьд нь боловсруулсан байсан хуулийн төслүүдэд тусгах зорилгоор Ерөнхийлөгчийн захирамжаар шүүх, прокурор, цагдаа, хуулийн сургуулиуд, олон улсын байгууллага, өмгөөлөгчид зэрэг өргөн төлөөллийг хамарсан ажлын хэсэг байгуулан ажиллуулсан юм. Ажлын хэсэг шургуу ажилласны үр дүнд шүүхийн тогтолцоог шинэчлэх, бие даасан, хараат бус байдлыг хангах, шударгаар хэрэг маргааныг шийдвэрлэх тогтолцоо бий болгохтой холбоотой багц хуулийн төслийг бэлэн болгоод та бүхнээр өнөөдөр хэлэлцүүлэх гэж байна. Эдгээр хуулийн гол зорилго нь  Шүүхийн шинэтгэлийн амин чухал асуудал болох шүүхийн бие даасан, нээлттэй, ил тод байдлыг хангах, ачааллыг зохистой болгох, шүүгчийг тодорхой чиглэлээр мэргэшүүлэх, шүүхийн захиргааг бэхжүүлэх, шударга шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлэх,  шүүх, хуулийн өмнө иргэд эрх тэгш байх Үндсэн хуулийн заалтыг бодитойгоор хэрэгжүүлэх явдал гэж үзэж байна. Та бүхний саналыг тусгаад УИХ-ын чуулган завсарлахаас өмнө өргөн барих бодолтой байна ” хэмээн тэмдэглэв.  

Хэлэлцүүлгийн эхэнд Ерөнхийлөгчийн хуулийн туслах Ж.Баярцэцэг Шүүхийн, Шүүхийн захиргааны, Шүүгчийн эрх зүйн байдлын, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн, Эвлэрүүлэн зуучлуулах тухай хуулийн төслүүдийг ямар зарчим барьж боловсруулсан, шинэлэг зүйлүүд нь юу болох, уламжлалаа хэрхэн хадгалсан талаар ярьж танилцуулав.

Тэрээр хэлэхдээ “Одоогийн Шүүхийн тухай хууль нь олон харилцааг зохицуулдаг. Энэ зохицуулалтаар нь 5 хуваагаад байна. Шинэ хуулийн төсөл бол шүүхийн тогтолцоо, зохион байгуулалт, шүүхийн бие даасан байдал, түүнийг хангахтай холбоотой зохицуулалтыг хамарч байгаа. Шүүхийн үйл ажиллагааны зарчмуудад анхаарлаа. Хуучин дээр нь мэтгэлцэх, шүүх үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх зарчмуудыг оруулсан. Нээлттэй байх нөхцөлийг бүрдүүлэх танхимын стандарт бий болгох асуудлыг ч  бас тусгасан.  Мөн иргэдийн төлөөлөгчдийг оролцуулах, шүүх хуралдааны дуу болон дүрс бичлэг хийлгэх, цахим хуудастай байх зэргийг хуульчлахаар тусгаад байна. Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг, ялангуяа мэргэжлийн удирдлагаар хангах, хэрэг хувиарлах, зөвлөгөө өгөх зэргийг хязгаарласан. Энэ нь дотоод хараат байдлыг багасгах зорилготой юм. Шүүхийг тойргийн журмаар байгуулах зарчмыг тусгаж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжийг хамруулахаар болголоо. Тойрог нь шүүхийн ачааллыг зохистой болгоход ач холбогдолтой гэж үзсэн. Нөгөөтэйгүүр засаг захиргааны нөлөөнөөс урьдчилан сэргийлэх, шүүхийн бие даасан байдлыг хангахад хэрэгтэй юм. Анхан шатны болон давж заалдах шатны шүүх дагнасан байна. Бас танхимтай байж болно гэж тусгасан. Тогтолцооны энэ өөрчлөлт нь шүүх, шүүгчийг хэрэг маргаанаар мэргэшүүлэх, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэхэд чиглэж буй юм. Шат шатны шүүхийн бүрэн эрх, чиг үүргийг тусгасан. Тухайлбал Дээд шүүх зөвхөн хэрэг маргаан дээр түшиглэж тайлбар гаргах болно. Дээд шүүх 16 –аас доошгүй гишүүнтэй байна гэж заасан. Учир нь нэг танхимын гишүүн нөгөөгийнхөө хуралдаанд оролцохыг хориглосон тул бүрэлдэхүүнгүй болохоос сэрэмжилж буй хэрэг юм. Шүүхийн баталгааны хувьд шинэ зүйл бол төсвөө шууд УИХ-д өргөн барихаар тусгалаа. Шүүхийн шийдвэрийн стандарт бий болгох, өөр саналтай шүүгчийн саналыг тэнд тусгадаг байхаар заалаа. Шүүхийн захиргааны тухай хуулийн төсөлд шүүхийн бие даасан хараат бус  байдлыг хангахад дэм үзүүлэх, өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах үндсэн чиг үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөл болон шүүхийн захиргааны  асуудлыг тодорхой тусгасан. Жишээ нь Шүүхийн ерөнхий зөвлөл орон тооны, байнгын ажиллагаатай байна гэж орууллаа. Захиргаа гэж хэлсэн нь шүүх мэргэшсэн захиргаатай болж байж, ажил нь чанаржих юм байна гэсэн үндэслэлд тулгуурласан. Энд шүүхийн ерөнхий зөвлөл, захиргааны өөрөөр хэлбэл Тамгын газрын, захиргааны ажилтнуудын чиг үүргийг, шүүгчдийн ёс зүйн асуудлыг нарийвчлан тусгасан тул та бүхэн танилцана биз ээ. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд шүүгчид тавих шаардлага, бүрэн эрхийн эхлэл, дуусгавар, шүүгчийн хараат бус байдал, түүнийг хангах асуудлыг дэлгэрэнгүй тодорхойлсон. Хуульчдын танхим гэж байгууллага бий болж байгаа. Энэ нь нэр дэвшигчдийн талаар дүгнэлт гаргах юм. Шүүгчээр ажиллах насны дээд хязгаарыг 65 гэж оруулсан. Шүүгчийн цалин 5 дахь жилээсээ жил бүр нэг хувиар нэмэгдэх, амь насны даатгалыг улс хариуцахаар байгаа. Шүүгчийн халдашгүй байдлыг баталгаажуулахын тулд  нөлөөллийн мэдүүлэг авдаг байхаар тусгалаа. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тухай хууль бол шинэлэг бөгөөд Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэхтэй холбоотой. Иргэдийн төлөөлөгчийн эрх хэмжээг тодорхойлсон онцлогтой. Иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, олон нийтийн хяналтыг бий болгох, тэдэнд эрх зүйн ухамсрыг төлөвшүүлэх өргөн ач холбогдолтой гэж үзэж байгаа. Эрүү, иргэн, захиргааны анхан шатны хуралд төлөөлөгчөөр оролцоно. Иргэдийн төлөөлөгчийн ирц дутуу бол хурал хойшилно. Эвлэрүүлэн зуучлуулах тухай хуулийн төслийг шүүхийн ачааллыг багасгахад маш ач холбогдолтой гэж үзэж боловсруулсан. Энэ хуулийн төсөл нь оролцогчдын эрх, үүрэг, эвлэрүүлэн зохицуулах журмыг тодорхойлж байгаа. Маш бага зардлаар асуудлаа шийдвэрлэхэд энэ хэлбэр нь чухал юм  гэж ярив.

Оролцогчид зарим зүйлийг тодруулан асуусны дараа саналаа хэлцгээлээ. Тэд “Шүүхийн тодорхойлолт их явцуу байна. Захиргааны хэрэг маргаан, зөрчлийг ялгаж салгах нь чухал. Захиргааны зөрчил, авах арга хэмжээг нэг бүрчлэн зааж өгөхгүй бол болохгүй. Төрөлжсөн хуулиуд гаргаж байгаа тул кодексын зарчмыг баримталж, нэр томъёог жигдрүүлэх хэрэгтэй. Тунхаг маягийн үг өгүүлбэрийг хасмаар байна. Дээд шүүх зөвхөн хэрэг маргаан дээр үндэслэн өөрөө сонгон тайлбар хийдэг байя. Иргэдийн төлөөлөгчдөд боловсролын түвшин заах хэрэггүй. Иргэдийн төлөөллийг шийдвэр гаргахад оролцох эрхтэй болгомоор юм. Эвлэрүүлэн зуучлуулах хуулийн төслийг олон талаас нь сайн бодолцохгүй бол нэг нь хохироход хүрч мэднэ. Эвлэрүүлэн зуучлахдаа маргааныг нэг мөр шийдвэрлэхээр тусгахгүй бол дуусахгүй хэрэг болно. Бусад хуулиудад шинэ хуулийн төслийнхөө дагуу хийх өөрчлөлтүүдийг зэрэг хийх хэрэгтэй. Жишээ нь  төсвөө шууд өргөн барих эрх зүйн үндэслэл байхгүй тул УИХ зөвшөөрөхгүй гэж болно шүү дээ” хэмээн хэлж байлаа. Энэ мэт анхаарууштай олон санал оролцогчид хэлсэн юм.

Тэдний саналыг судалж хуулийн төслүүддээ тусгах болно гээд саналаа илэрхийлж амжаагүй бол бичгээр өгөөрэй хэмээн Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх хэлснээр хэлэлцүүлэг дууслаа.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж