Дуучин Пол МакКартни 56 жилийн өмнө Sony студид бичүүлсэн Леннон – МакКартни нэртэй дууны цомгийнхоо өмчлөх эрхийг эргүүлэн авахаар хөөцөлдөж байна.
Биллбордын мэдээлснээр Пол МакКартни өнгөрсөн арванхоёрдугаар сард өөрийнхөө болон Жонн Ленноны дуулсан дуунуудын өмчлөх эрхийг эргүүлэн авах удаан төлөвлөсөн заргаа өгчээ.
“Битлз” хамтлагийн дуучин асан Пол МакКартни болон Жонн Леннон агсны дуулсан хуучны тэдгээр дуунуудыг Sony Pictures Entertainment Inc. болон Майкл Жексоны эзэмшиж байсан ATV Music Publishing-ийн хамтын өмч байсан билээ. Харин өнгөрсөн долоо хоногт Sony Pictures Entertainment Inc. Майкл Жексоны эзэмшиж байсан 50 хувийн хувьцааг худалдан авч, “Битлз”-ийн дуунуудын 100 хувь өмчлөгч болсон юм.
Гэвч 1976 онд батлагдсан АНУ-ын Зохиогчийн эрхийн тухай хууль уран бүтээлчдэд бүтээлийнхээ зохиогчийн эрхийн өмчлөлийг нэхэмжлэх эрх олгосон аж. Гэхдээ хуулинд заасны дагуу Пол МакКартнийн 1978 он болон түүнээс хойш туурвисан бүтээлийн өмчлөх эрхийг нэхэмжлэх эрх 2018 онд үүсэх юм байна.
Н.ЭНХ