
Уг мэдэгдэлд “УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд парламентын сонгуулийн тогтолцоог шинэчлэх нийгэмд тулгамдсан зорилтыг хэрэгжүүлэхээс зайлсхийж нэр төдий өөрчлөлтөөр аргацаан өнгөрүүлэхээр оролдож буйд Иргэний зориг-Ногоон нам харамсч байна. Парламентын сонгуулийн шинэчлэл зайлшгүй гэдгийг 2008 оны долдугаар сарын 1-ний эмгэнэлт үйл явдлын дараа Монголын нийгэм бүхэлдээ хүлээн зөвшөөрсөн. Засгийн эрхийг хамтран хэрэгжүүлж буй МАН болон Ардчилсан нам ч үүнийг ухамсарлаж хамтарсан Засгийн газар байгуулах тухай гэрээндээ УИХ-ын Сонгуулийн хуулийг өөрчлөн шинэчлэхээр тусгайлсан заалт оруулсныг олон нийт санаж байгаа. Монголын олон нийтэд өгсөн энэ амлалтдаа үнэнч байгаа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн байр суурийг Иргэний зориг-Ногоон нам талархан дэмжиж байна. Иргэний зориг-Ногоон нам сонгуулийн санал хураалтыг пропорцаналь хэлбэр давамгайлсан 50:26 хувилбарын төлөө байна.
УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг энэ хаврын чуулганы хугацаанд багтаан хэлэлцэж шийдвэрлэхгүй бол ирэх оны сонгуулийн бэлтгэл хангах шинэчлэлийн олон ажил хойшлоход хүрнэ. УИХ-ын намрын чуулганаар Төсвийн тухай болон бусад цаг хугацааны хязгаарлалттай, тулгамдсан олон хууль хэлэлцдэг тул Сонгуулийн тухай хуулийн шинэчлэлийг хийх боломжгүй. Тиймээс Иргэний зориг-Ногоон нам сонгуулийн шинэ тогтолцооны шинэчлэлийн төлөө байгаагаа дахин онцлоё” гэжээ.