Алт худалдаж авах цаг

Хуучирсан мэдээ: 2016.03.22-нд нийтлэгдсэн

Алт худалдаж авах цаг

Алтны үнэ хамгийн өндөр түвшинд өссөн хоёрдугаар сартай харьцуулахад одоогийн байдлаар ялимгүй буурсан боловч энэ нь зах зээлийн шинжээчдийн санааг тийм ч их зовоохгүй байна. Хоёрдугаар сарын дунд үед нэг унц нь 1220.60 ам. доллар хүртлээ өсөөд байсан алт өнгөрсөн Баасан гаригийн байдлаар 1220 ам. долларын үнэтэй байна.

Баасан гаригт Германы Төв Банк “Хөрөнгө оруулагчид одоо л алтыг өөрсдийг амь даатгал болгон худалдаж авах хэрэгтэй” хэмээсэн мэдэгдэл гаргажээ.

Он гарсаар суурь болон үнэт металлын ханш дундаас хамгийн эерэг хүлээлтийг үзүүлээд буй бүтээгдэхүүн бол яах аргагүй энэхүү шар металл юм. Санхүүгийн томоохон шинжээч байгууллагуудын дүгнэлтүүд ч мөн адил энэ талын урьдчилсан төсөөллийг гаргаад буй бөгөөд “алт бол шинэ өндөрлөг” гэх мэт анхаарал татахуйц хэллэгүүдийг нийтлэлдээ ашиглаж эхэлжээ.

Нөгөө талаар АНУ-ын Төв Банкны эргэлзээтэй байдал болон Хятад юаний ханшийн сулрал гээд олон улсын эдийн засаг хэсэгчилсэн хямралтай байгаа энэ үед алтны үнэ хөл дээрээ хамгийн найдвартай зогссон бүтээгдэхүүн болон хувирч байна. Алтны үнэ цаашид одоо байгаагаасаа ч илүү, хүмүүсийн төсөөлснөөс ч илүү өсөж, рекорд тогтоох магадлалтайг ч хэсэг шинжээчид дурдаад байна. Тэгвэл эсрэгээрээ, алтны үнэ цаашид буухыг тааварласан урьдчилсан дүгнэлтийг гаргаж буй санхүүгийн байгууллагууд ч мөн адил байна. Гэвч тэдний хэлж буйгаар үнэ бууна гэсэн ойлголт нь яльгүй буюу 1180 ам. доллар луу дөхөж буух ажээ. Хэрэв энэ үнэн бол тэр үед нь л алтыг худалдан авах хамгийн тохиромжтой цаг бүрдэх бололтой.

Түүнчлэн өнгөрсөн Баасан гаригаас эхлэн өссөн нефтийн үнэ тийм ч удаан үргэлжлэхгүйг CNBC  тэд дурджээ.

Г.СҮМБЭЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж