Монгол хүн сансарт цойлон ниссэний 35 жилийн ойн мэндийг өглөөний мэндтэй хамтад нь дэвшүүлье!
Лаборатори нэгдүгээр дунд гуравдугаар ангийн сурагч байхад минь энэ үйл явдал болж билээ.
Том жижиггүй л монгол хүн сансарт нислээ гэж бие биедээ баяр хүргэн, оддын хотхоноос дамжуулах сурвалжлагыг оросын Орбит сувгаар үзэх гэж нойргүй шахам хоносон ч маргааш нь сэтгэл тэнүүн, дүүрэн баяртай өглөөг угтаж байжээ. Монгол үндэстэн сансрын нисэгчтэй угтсан тэр өглөө цасны чийг агаар сэрүүцүүлж, тийм гэхийн аргагүй баяр хөөр сэтгэл хөвсөлзүүлж, балчирхан оюуныг минь маргаашдаа, мандан бадрах Монгол улсынхаа ирээдүйд гуйвшгүй итгэх итгэлээр хөглөсөн, тийм гэхийн эрхгүй бадрангуй өглөө эхэлж билээ. Багш минь Булганы Дашинчилэн сумын хүн байсан болохоор бөөн бахархал. Тэр өдрийн хичээл сансрын нисэгч, Ж.Гүррагчаагаар "амьсгалсаар" өнгөрсөн. Дууны хичээл дээр "Сансрын нисэгч ах аа, Сайн яваад ирэв үү? Саран наран хоёртой саатан уулзаад ирэв үү?…" гэсэн дуу зааж, Булган нутгийн найрагч Санжаажавын Оюуны "Арван төгрөг" шүлэг радиогоор дуурсан, Монгол орон сансраар амьсгалж байсан.
Монгол хүн сансраас мэндчилэх, энэ л өргөн бор нүүр тэгш цагаан шүдтэй монгол царайг сансрын агуу уудмаас харах гэдэг хагас зуухан жилийн өмнө мөхөж байсан үндэстэнд агуу их үсрэлт байсаан.
Удаах зураг дээр Монголын туршин нисэгчдийн баг. Энэ залуус дундаас Ж.Гүррагчаа нь сансарт нисэх хувьтай байж.
Маргааш нь аав маань "Союз-39" хөлгийг зурагтай хөх ууттай "Сансар" чихэр, "Болор" архи, "Сансар" ундаа, Гүррагчаа, Жанибеков хоёрын зурагт дарцаг, энгэрийн тэмдэг гээд гоё гоё юм авчирснаас, тэр хөөсөрсөн бор ундааны сэнгэнэсэн амт нь одоо ч тагнайд сэрүү татуулах шиг…
Мартагдашгүй, мартахын аргагүй гайхамшигт өдөр. Тэр өдрүүдэд Монголын анхны сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаагийн дулаахан инээмсэглэл бүгдийг гэрэлтүүлж байсан сан. Тэр л өдрүүдэд Булган аймгийн Гурванбулаг сум гэсэн дөрвөн үг сэтгэлд хоногшиж билээ.
Хожим бас л Булган нутгийн хүү Н.Түвшинбаярыг Олимпийн анхны аваргын алтан медаль авчрахад монголчууд яг л хүүгээ сансарт нисгэсэн тэр өдөр шиг нийтээрээ баярлаж, бахдан, сэтгэлээрээ нэгдсэн билээ. Сайхан мэдрэмж, эв нэгдэл, үндэсний бахархал.
Өнөөдрийн бидэнд хэрүүл талцал огт биш, яг л ийм атгасан гар шиг эв нэгдэл, хөгжил дэвшлийн агуу алхам, итгэл найдвар, үндэсний бахархал дутагдаж байна даа!
Б.ШҮҮДЭРЦЭЦЭГ