Золбин болон гэрийн тэжээвэр ноход иргэдэд халдах тохиолдол нэмэгдсэнийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. Хамгийн сүүлд л гэхэд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны иргэн Б-ны “Дундад ази” үүлдрийн нохой таван настай хүүг хазаж гэмтээж амь насанд нь хүрсэн билээ. Үүнээс гадна өнгөрөгч Лхагва гаригт Хан-Уул дүүргийн зургадугаар хорооны иргэн Г-ийн нохой тус хорооны иргэн А-ийн зүүн гар хөлийг хазаж гэмтээсэн хэрэг гарчээ. Энэ тохиолдолд хуульд зааснаар дараах хариуцлагыг хүлээлгэдэг юм.
Монгол Улсын Иргэний хуулиас
501 дүгээр зүйл. Амьтны учруулсан гэм хорыг хариуцах
501.1. Амьтны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна.
Монгол Улсын Эрүүгийн хуулиас
201 дүгээр зүйл. Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах
201. 1. Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие махбодийг хөнгөн буюу хүндэвтэр гэмтээсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
201. 2. Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Тиймээс иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Хашаандаа нохойтой тохиолдолд өдрийн цагаар нохойг сул тавихгүй байх
Хаалга, хашаандаа анхааруулсан таних тэмдэг заавал байршуулах
Мал эмнэлэгт бүртгүүлэх, тогтмол вакцинд хамруулах
Зохих хамгаалалт буюу хошуувч, хүзүүвчтэй байлгах шаардлагатайг анхааруулж байна.
Б.ЗОЛ