“Баруунаас мандах наран” номондоо Аяако Кимура “Монгол нутгийн өвөл ойртох бүр гадаадын хүн миний хувьд тун их сэтгэл зовоодог нэг муухай юм бий. Тэр бол монголчуудын нус, цэр. Гадуур яваа хүмүүс хуруугаараа хамрын нэг нүхийг таглан нусаа нийнэ. Эсвэл цэрээ амаар хаяна. Бараг л эрэгтэй, эмэгтэй, хөгшин залуугүй хүн бүр ингэнэ. Энд тэндгүй шар, ногоон, цустай, цусгүй, нус цэрээ хамаагүй хаяна” хэмээн бичжээ. Энэ бол нийслэлчүүд бидний хамгийн том дутагдал.
Малгай тавибал манайх гэгчээр л амьдарч ирсэн монголчуудын хувьд нийгэмших гэдэг ойлголт огт байдаггүй. Хаа дуртай газраа хашаа хатгаад амьдрахыг нь үл тооё гэхнээ хаа сайгүй нус цэрээ нийгээд, хашаа булангийн тохойд “морь харж” зогсохдоо ядаж ичдэг, эмээдэг болохсон.
Эрүүл ахуйн тухай хууль хэрэгжээд 22 хонож байна. Энэ оны хоёрдугаар сарын 4-ний өдөр УИХ-аар баталж, хоёрдугаар сарын 29-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эрүүл ахуйн хууль нь долоон бүлэг, 22 зүйл заалттай. Хуулинд нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газар, орон сууцны орчныг нус, шүлс, цэр, тамхины иш, гэрийн тэжээвэр амьтны ялгадсаар бохирдуулах, зориулалтын бус газарт бие засах, хог хаягдлыг ил задгай хаях, шатаах зэрэгт 5000 төгрөгөөр торгоно хэмээн албаныхан мэдээлж байсан. Гэвч хуульд заахдаа 20 мянгаас нэг сая хүртэлх төгрөгөөр торгохоор тусгасан аж. Хэдийгээр ийм өндөр торгууль ногдуулна хэмээн сурталчилсан ч өнөөдрийг хүртэл торгосон, торгуулсан тохиолдол үгүй бөгөөд тэр хэрээр орчны эрүүл ахуйд нааштай өөрчлөлт ч гараагүй л байна. Тав алхаад л нус, цэр, шүлс, тэжээвэр амьтны ялгадас хотын зах, төв гэлтгүй хаа сайгүй харагдана.
Гэхдээ мэргэжлийн байгууллагуудын хувьд хуулийн хүрээнд хяналтаа тавьж ажиллаж байгаагаа мэдээллээ. Тухайлбал, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар өнгөрсөн долоо хоногт Эрүүл ахуйн тухай хуультай холбоотой 20 орчим заалт бүхий албан шаардлагыг аж ахуйн нэгжүүдэд явуулжээ. Мөн хоёр байгууллагад торгуулийн арга хэмжээ авч ажилласан гэв.
Хуульд зааснаар иргэдийн энэ үйлдэлд цагдаагийн байгууллага хяналт тавина. Гэвч өнөөг хүртэл хэчнээн хүнд хяналт тавьж, торгож, арга хэмжээ авсан бэ гэх асуултыг цагдаагийн байгууллагад тавибал хуулийн хэрэгжилтийн талаар сонсоо ч үгүй байна. Гол хяналт тавих байгууллага нь энэ талаар дуулаагүй юм чинь хуулийн хэрэгжилт ямар байна вэ гэдгийг асуугаад хэрэггүй биз. Мөн хуулийн хэрэгжилтэд сайн дурын идэвхтнүүдийг ажиллуулна гэжээ. Тухайлбал, олон нийтийн байгууллага, баг хорооны идэвхтэн, иргэдийн мэдээллийн дагуу торгуулийг тавина. Гэвч иргэд хаана мэдээлэл өгөх вэ, хэн үүнийг хянах вэ гэдэг нь мөн тодорхойгүй.
Уг нь хуулийн хяналтыг илүү нарийвчлан тодорхойлж, хэрэгжилтэд анхаарвал иргэд хүссэн хүсээгүй хотын соёл, цэвэр цэмцгэр байдалд суралцана. Ганцхан жишээг л дурдъя. Одоогоос гурван жилийн өмнө гудамж талбайн хаана ч тамхи баагиулан зогсох хэн нэгэнтэй тааралдана. Сурагчид сургуулийнхаа булан тохиод тамхи татахын сацуу хажуухан талд нь хэн нэг өвөө, эмээ тамхи ширхэглэн зараад сууж байдаг байв. Захын ресторан, паб, цайны газарт хүртэл тамхи татахыг хориглодоггүй байв. Байдаг л үзэгдэл мэт болсон энэ байдлыг 2013 онд батлагдсан Тамхины хяналтын тухай хуулиар арилгаж чадсан. Энэ бол сайн жишээ. Тухайн үед “Тамхи татвал 50 мянган төгрөгийн торгуультай” гэх үгийг сонссон иргэд бухимдан уурлаж, хэт өндөр торгууль хэмээж байв. Гэвч өнөөдөр олон нийтийн газарт тамхи татах нь битгий хэл татсан хүнийг гайхашралын нүдээр хардаг болжээ. Гол нь энэ хуулийн хэрэгжилтэд хяналтын тогтолцоо нь тодорхой байв.
Яг л үүнтэй адилаар нийслэлчүүдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх бас нэгэн хууль нь Эрүүл ахуйн тухай хууль билээ. Хуулийн хэрэгжилт яагаад нүдэнд харагдахгүй байна вэ? Эхний ээлжинд хуулийг олон нийтэд түгээх, сурталчлах ажилд голчлон анхаарч байгааг албаныхан хэлж байна. Өнгөрсөн хугацаанд хуулийн зүйл заалттай холбоотойгоор Эрүүл мэнд, спортын яам, албан байгууллага, сум дүүргийн Засаг дарга нарт албан бичиг явуулжээ. Улмаар олон нийтэд хуулиа сурталчлан таниулах, сургалт, сурталчилгаа явуулах ажлыг хийж байгаа аж.
Ямартай ч Эрүүл ахуйн тухай хуулийн сургалт, сурталчилгааг хийж, хэрэгжилт нь жигдрээд ирвэл хотын гудамж дахь нус, шүлс зэрэг бохир зүйлс илт арилна хэмээн үзэж байгаа юм. Гэхдээ иргэдийн зүгээс торгуулийг хэт өндөр хэмээн эмзгээр хүлээж авах нь их байгаа гэнэ. Гэвч хотын соёл, нийслэлийн өнгө төрх, эргээд иргэдийн эрүүл мэндтэй холбогдож буй учраас элдэв бохир зүйлсээ гудамжид гаргахгүйгээр зохицуулж сурвал торгуулахгүй юм.
Өнөөдрийн байдлаар нийслэлд 1.200.000 иргэн бий. Өөрөөр хэлбэл, нэг км квадрат газарт 262 хүн оногдох болжээ. Өнгөрсөн онд Японы нэгэн судлаач эрдэмтэн “Ганцхан Улаанбаатарын агаарт л шивтэрийн хий илэрсэн. Энэ бол их хэмжээгээр хураагдсан ялгадсаас үүсдэг” гэж нүүр улайтал хэлж байсан. Ийм ичгэвтэр байдалд дахин дахин орохгүйн тулд иргэн бүр хотын соёлд суралцвал эргээд бид эрүүл, тав тухтай нөхцөлд ажиллаж, амьдрах орчин бүрдэнэ. Эхний ээлжинд хуулийг хэрэгжүүлэх, хяналт тавих тогтолцоог боловсронгуй, тодорхой болгож өгөх нь чухал байна.
М.КЕЙТ