“Петровис” компанийн тухайд түлшний хангамж нэг үеэ бодвол сайжирсан байна. Тус компанийн салбар шатахуун түгээх станцууд карттай хэрэглэгчдэдээ нэг удаа 30 хүртэлх литр шатахуун борлуулж байгаа гэнэ. Гэхдээ одоогийн байдлаар шинээр карт олгохгүй байгаа ажээ.
“Магнай трейд” компанийнхан ч мөн дээрхтэй адил гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүддээ түлш худалдаж байна. Түлш худалдан авах гэрээг шинээр байгуулахад маркетингийнхантай ярилцах хэрэгтэй гэсэн тайлбар мөн тэд хэлж байв.
“Жаст-Ойл” компанийн тухайд арай өөр нөхцөлтэйгээр түлшээ борлуулж байна. Тус компанийн диспетчерийн ярьснаар салбар ШТС-уудад тогтоосон лимитээр бэлэн мөнгөтэй иргэдэд ямар нэгэн хязгаарлалтгүйгээр худалдаж байгаа гэнэ. Харин тогтоосон лимит дуусвал бэлэн мөнгөтэй иргэдэд худалдахгүй, талонтой хэрэглэгчдэдээ борлуулах байдлаар ажиллаж байгаа гэлээ. Тэгэхээр тус компанийн ШТС-уудаар өглөөгүүр очиход бэлэн мөнгөтэй хэрэглэгчид заавал карт, талонтой байх шаардлагагүйгээр шатахуун авах нь ээ. Өөрөөр хэлбэл, шатахуун өгөхдөө хэмжээ заагаагүй гэнэ. Нэмж дуулгахад компаниуд түлшний шагаас болгоомжилж ямар нэг саванд түлш худалдахгүй, зөвхөн автомашинд буюу шатахууны банкинд л хийх хатуу зарчим баримтлах болжээ.
“Содмонгол” компани дизель зарахдаа ямар нэгэн хязгаарлалт тавиагүй талаар картын төв нь мэдээллээ. Тодруулбал, бэлэн мөнгөтэй энгийн иргэдэд ч хүссэн хэмжээгээрээ худалдан авах боломжтой ажээ. Гэхдээ бүх салбар дизель түлшний таталт хийгдээгүй байгаа учраас өнөөдөр оройны тухайд дараах нэр бүхий салбаруудад л хязгаарлалтгүйгээр худалдах ажээ. Үүнд,
- “ТБД Андууд” худалдааны төвийн урдах салбар
- 22-ын товчооны хажуу дахь салба
- 1000 оюутны байрны салбар
- “Чулуун овоо” салбар
- “Хангай зах”-ын дэргэдэх салбар
- “Таван шар”-ын дэргэдэх салбар
- Нисэхийн цагаан хаалганы салбар
- Үйлдвэр комбинатын салбар
- Энхтайваны гүүрний дор байрлах салбаруудаар тус тус хэвийн худалдаа хийж байгаа ажээ.