Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хоёр дахь жилдээ “BUSINESS LEAGUE” сагсан бөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээнийг зохион байгуулав. Гурван долоо хоногийн турш болсон энэхүү тэмцээнд “Магнай трейд”, Төрийн банк, Номин Холдинг, АПУ, Монкон Констракшн, MCS Coca Cola, Миг даатгал зэрэг 20 компанийн 250 гаруй тамирчин оролцож, хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Тэмцээний медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтууд өчигдөр/03.20/ “Мөнхийн үсэг” ХХК-ийн “Мөнх” спорт цогцолборт болсон юм.
Хоёр дахь удаагийн “BUSINESS LEAGUE”-н аваргаар Б.Баатар дасгалжуулагчтай “ГОЛОМТ” банк шалгарсан бол Д.Пүрэвдорж дасгалжуулагчтай, М.Отгонмөнх ахлагчтай “ХАС” дэд байрт орсон. Харин хүрэл медалийг Г.Номин ахлагчтай “ТӨРИЙН БАНК” эзэллээ.
Аваргын цомыг өргөсөн “Голомт” банкны багт спортын мастер Б.Энхдөлгөөн, Г.Анар, Г.Нямбаяр нарын шилдгүүд багтсан. Тэд шигшээ тоглолтод лигийн тоглогч ОУХМ М.Отгонмөнх нарын “Хас”-чуудыг нэмэлт цагт 51:46 онооны харьцаагаар хожсон юм. Мөн хүрэл медалийн төлөөх тоглолт сонирхолтой өрнөсөн. Тоглолтыг эхнээс тэргүүлж явсан “Транс Бест” багийн залуус ОУХМ Т.Санчир тэргүүтэй залууст эцсийн мөчид дийлдсэн. Ийнхүү хоёр дахь удаагаа болсон “BUSINESS LEAGUE”-т банкны багууд медальт байрт шалгарсан юм.
МҮХАҮТ-ын нэрэмжит шагналыг "Скайтел" багийн тоглогч М.Оюунбаатарт гардуулсан. Мөн шилдэг тоглогчоор "Голомт" банкын багийн тоглогч Тэгшжаргал тодорсон бөгөөд түүнийг Samsung Galaxy Note5 утсаар шагналаа.
Гурван долоо хоногийн турш явагдсан энэхүү тэмцээний хаалтын ажиллагаанд МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхийлөгч Б.Лхагважав, “Скайтел” групп ХХК-ий гүйцэтгэх захирал Д.Болор, МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг болон “Мөнхийн үсэг” ХХК-ий Спорт хөгжлийн дарга М.Батсайхан нар оролцсон юм.
"Ирээдүйг өнгөлнө" уриатай “BUSINESS LEAGUE”-н ерөнхий ивээн тэтгэгчээр "Скайтел групп" ажиллалаа.
Дүн:
Алт: Голомт 51:46 /нэмэлт цагт/
Мөнгө: ХАС
Хүрэл: Төрийн банк /65:55/
IV байр: Транс Бест
Өнгөрсөн онд анх удаа болсон “BUSINESS LEAGUE”-д Мобикомын баг түрүүлж, Хас, Голомт удаалж байв. Тэгвэл энэ жил Хас банкны баг дахин дэд аварга болж, Голомтын залуус аваргын цомыг өргөлөө. Мөн Төрийн банкны баг хүрэл медаль хүртсэнээр банкны салбарын багууд хүчтэй байгаагaa дахин харууллаа.
МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхийлөгч Б.Лхагважаваас цөөн асуултад хариулт авлаа.
-Юуны өмнө тэмцээний талаарх мэдээллийг өгөхгүй юу?
-Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас хоёр дахь жилдээ “BUSINESS LEAGUE” сагсан бөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээнийг зохион байгууллаа. Гурван долоо хоног үргэлжилсэн энэхүү тэмцээнд 20 баг оролцсон. Сүүлийн үед компаниуд ажилчдынхаа нийгмийн орчныг анхаараад эхэллээ. Үүний нэг илрэл нь “Мөнхийн үсэг” ХХК-ий спортын цогцолбороос харж болно. Тэмцээний медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтууд олон улсын стандартад нийцсэн тохилог зааланд боллоо. Стандарт хангасан аливаа зүйл бол амжилтын үндэс байдаг. Тоглолтыг харж байхад манай залуус мэргэжлийн тамирчдаас дутахгүй тоглож байна. Мөн банкны гурван баг медаль байрт орсныг харахад тэмцээн үнэхээр өрсөлдөөнтэй болж өнгөрлөө.
-Энэ удаагийн тэмцээнд лигийн шилдэг тоглогчид болох Т.Санчир, М.Отгонмөнх нарын шилдэг тоглогчид тоглосон нь өрсөлдөөнийг улам сонирхолтой болгож чадлаа гэж харж байна.?
-Тиймээ тоглолтын хувьд үнэхээр өрсөлдөөнтэй байлаа. Лигийн сайн тоглогч нар олон байна. Гэхдээ нэг хүн сайн байгаад бусад нь жигдхэн байхгүй бол ялахад хүнд байгааг багуудын тоглолтоос харлаа. Түрүүлсэн Голомт банкны багийг харахад спортын мастер цолтой гурван тамирчин байна. Гэтэл бусад багт түүнээс ч илүү цолтой мөн Үндэсний супер лигт тоглодог шилдэг тоглогчид багтсан. Манай залуус сагсан бөмбөгийг тоглоод сурчээ. Мэргэжлийн тамирчдаас дутахгүй тоглож байна. Тиймээс тоглолт бүр өрсөлдөөнтэй өрнөлөө.
-Энэ удаагийн тэмцээнийг харж байхад “BUSINESS LEAGUE” ирэх жилээс өргөжих боломжтой юм байна гэж харагдлаа.
– Сагсан бөмбөгийн тэмцээнийг бид 20 багууллагын дунд хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэ дашрамд “BUSINESS LEAGUE”-т оролцсон нийт багаа оролцсон байгууллагууддаа талархаж байна. Мөн тэмцээний медалийн төлөө гурван банкны багууд шалгарлаа. Уул уурхайн салбараас “Транс Бест” баг хагас шигшээд үлдэж, дөрөвдүгээр байр эзэлсэн байгаа. Эндээс харахад урлаг, спортод анхаарлаа хандуулж байгаа салбарууд ямар түвшинд байна вэ гэдэг нь бас харагдлаа. Баг бүр “BUSINESS LEAGUE”-т оролцох гэж их бэлтгэдэг болсон байна. Мөн тамирчдын чансаа ч өндөр болоод ирлээ. Энэ жил 20 баг орсон бол ирэх жил үүнээс ч олон баг орох төлөв харагдаж байна. Эмэгтэй багуудын дунд ч өрсөлдөөн өрнөж магадгүй. Цаашлаад волейболын төрлийг оруулах бодолтой байна.
“BUSINESS LEAGUE”-н 2014 оны хүрэл, 2015 оны аварга баг ГОЛОМТ
ОУХМ М.Отгонмөнх нарын шилдгүүдийг эгнээндээ нэгтгэсэн “Хас”-ын залуус хоёр жил дараалан мөнгөн медаль хүртлээ.
ОУХМ Т.Санчирын нарын шилдгүүдийг эгнээндээ багтаасан Төрийн банкны баг хүрэл медаль хүртлээ.
Шилдэг тоглогч Тэгшжаргал /Голомт/
МҮХАҮТ-ын нэрэмжит шагналыг "Скайтел" багийн тоглогч М.Оюунбаатарт гардуулав.
Голомт – Хас 51:46 /нэмэлт цагт/
Аваргын төлөөх энэхүү тоглолтыг ялагч нэмэлт цагт тодорсон. Тоглолтын үндсэн цаг 39:39 онооны харьцаагаар өндөрлөсөн. Ингээд нэмэлт цаг сунгахад Голомт багийн залуус хожлыг авсан юм.
Төрийн банк – Транс Бест /65:55/
Шилдэг 20 баг өрсөлдсөнөөс хүрэл медалийн төлөө дараах хоёр баг өрсөлдсөн. Үндэсний супер лигийн шилдэг тоглогчдын нэг ОУХМ Т.Санчир нарыг эгнээндээ нэгтгэсэн Төрийн банкны баг энэ удаа өрсөлдөгчөө хожиж, медалийн тавцанд зогссон юм.
Ч.БОЛОР