400 саяын азтан баримтаа яаралтай бүртгүүлнэ үү?

Хуучирсан мэдээ: 2016.03.21-нд нийтлэгдсэн

400 саяын азтан баримтаа яаралтай бүртгүүлнэ үү?

-Азтануудын 10 хувь нь л мөнгөө авчээ-

НӨАТ-ын урамшууллын системээс нийтдээ 70 470 азтан тодроод байна. Үүний 5924 иргэнд 234 420 000 төгрөгийг  Төрийн сангаас олгожээ.  Хэдийгээр иргэд олноороо азтан болж байгаа хэдий  сугалаагаар хожсон мөнгөө  гар дээрээ авч буй нь цөөхөн байгаа аж. Өөрөөр хэлбэл, нийт азтануудын 10 хүрэхгүй хувь нь мөнгөө авчээ. Учир нь иргэд гар дээр буй баримтаа системд бүртгүүлэхдээ хойрго хандах, эсвэл мэдэхгүй байгаа аж.  

Одоогоор супер азтан буюу 400 сая төгрөгийг нэг хүн, 20 сая төгрөгийг нэг, дөрвөн сая төгрөгийг 21, 500 мянган төгрөгийг 226 хүн, 100 мянган төгрөгийг 2 250 хүн, 20 мянга төгрөгийг 22 066 хүн хожжээ.

Жилд улсын төсвөөс 22 тэрбум төгрөгийн шагналын сантай сугалаа явуулна хэмээн анх зарлаж байсан. Өчигдрийн байдлаар нийтдээ 1.2 тэрбум төгрөгийн азтан тодорсон хэдий ч 10 хүрэхгүй хувь нь мөнгөө авчээ.

“400 сая төгрөгийн азтан баримтаа бүртгүүлээгүй”

НӨАТ-ын урамшууллын системээс өчигдөр орой 400 сая төгрөгийн азтан тодорсон билээ. Одоогоор энэ азтан хэн болох нь хараахан тодроогүй байгаа талаар Гааль, татварын ерөнхий газраас мэдээллээ. Азтаны хувьд Амгалан дахь Оргил худалдааны төвөөс нэгдүгээр сарын 27-нд худалдан авалт хийжээ. Харин баримтаа төлбөрийн системд бүртгүүлээгүй учраас хэн гэдэг нь тодорхой болоогүй байна. Азтаны хувьд www.ebarimt.mn сайтад бүртгүүлэх, эсвэл баримттайгаа Гааль, татварын ерөнхий газарт ирэх шаардлагатай юм.  Бүртгүүлсэн тохиолдолд тухайн иргэний 400 сая төгрөгийг ямар нэг татваргүйгээр олгохоор зохицуулалт хийжээ.

Мөн өмнө нь тодорсон 20 сая төгрөгийн азтан ч гэсэн баримтаа бүртгүүлээгүй учраас тодорхой болоогүй байна.

“Төхөөрөмжид итгэж болох уу”

Иргэдийн зүгээс азтан тодруулах төхөөрөмжид 100 хувь итгэлгүй байгаагаа олон нийтийн сүлжээнд илэрхийлсээр байна. Ялангуяа нэвтрүүлгийн үеэр бөмбөг үлээлгэж буй машиныг сольсон асуудлыг дэлгэжээ. Тэгвэл энэ талаар Төслийн нэгжийн захирал Р.Отгонтулгын мэдээлж буйгаар машин гэдэг утгаараа алдаа эндэгдэл гаргахыг үгүйсгэхгүй гэдгийг тооцсоны үндсэн дээр хоёр төхөөрөмжийг шууд нэвтрүүлгийн үеэр авчирчээ. Улмаар нэвтрүүлгийн үеэр нэг машины тэжээлийн блок шатсан байна. Үүнээс үүдэн иргэдийн төлөөлөл, хяналтын шатны зөвшөөрлийн дагуу хоёр дахь машинаар бөмбөг үлээлгэж азтаныг тодруулсан байна.

“Баримтаа бүртгүүлээрэй”

Та НӨАТ-ын сугалаанд оролцохын тулд нэн тэргүүнд баримт хэвлэж өгч буй худалдаа үйлчилгээний байгууллагаар өдөр тутам үйлчлүүлэх хэрэгтэй. Ингээд баримт дээрх бар кодоо

ebarimt.mn рүү хандаж бүртгүүлэн, хэрэглэгчийн бүртгэлээ нээх бөгөөд энэхүү эрхээр та бүтэн жилийн турш бүртгүүлсэн бүх баримтынхаа НӨАТ-ын 20 хүртэлх хувийг өөрийн банкны дансандаа буцаан авах боломж бүрдэх юм. Мөн тухай бүрд нь бүртгүүлсэн тохиолдолд та азтан болбол ebarimt.mn сайт дахь таны хуудсанд мэдээлэл ирнэ. Одоогоор томоохон сүлжээ дэлгүүрүүд болон худалдаа үйлчилгээний байгууллагууд кассын машин, баримт хэвлэх төхөөрөмжийг суулгаад байгаа юм.

Иргэд тодорхой мэдээлэлгүй, аль эсвэл хайнга байдлаас үүдэн баримтаа бүртгүүлэхгүй байгаа юм байна. Тиймээс төлбөрийн баримтаа бүртгүүлэх хялбар аргыг албаныхан гаргажээ. Тухайлбал, иргэн та www.Ebarimt.mn сайтад утасны дугаараа бүртгүүлсэн тохиолдолд худалдан авалт хийх бүрдээ заавал интернетээр баримтаа бүртгүүлэх шаардлагагүй болно. Учир нь иргэн та 13 13 13 дугаар руу сугалааны дугаар, үнийн дүнгээ бичээд явуулахад системд автоматаар бүртгэгдэх юм. Энэ мэтчилэн цаашид системийг илүү боловсронгуй болгохоор ажиллаж байгаа гэлээ.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж