АНУ Кубын царцсан харилцааг сэргээнэ

Хуучирсан мэдээ: 2016.03.21-нд нийтлэгдсэн

АНУ Кубын царцсан харилцааг сэргээнэ

-Кубын ерөнхийлөгч Обамаг угтаагүйг АНУ-ын улстөрчид шүүмжлэв-

 

 

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Кубад гурван өдрийн айлчлалаа эхлүүллээ. Олон улсын хэвлэлүүд энэ айлчлалыг түүхэн үйл явдал хэмээн бичиж байна. Учир нь Хүйтэн дайны сөргөлдөгч талууд болох АНУ, Куба хоёр 88 жилийн дараа ийнхүү дипломат харилцаагаа сэргээж байгаа нь энэ юм.

 

Кубын Гавана хотын Хосе Мартигийн олон улсын нисэх онгоцны буудалд Барак Обама АНУ хэмээн бичсэн ерөнхийлөгчийн онгоцоор газарджээ.  АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг гэр бүлийнхэн болон дагалдан яваа хүмүүсийнх нь хамт Кубын Гадаад харилцааны сайд Бруно Родригез болон албаны бусад хүмүүс хүлээн авсан байна.  Кубын Ерөнхийлөгч Раул Кастро АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг өнөөдөр ерөнхийлөгчийн ордондоо хүлээн авч, албан ёсны уулзалт хийх ажээ.

 

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Кубын Ерөнхийлөгч Раул Кастро нар 2014 оны арванхоёрдугаар сард хүйтэн дайны үеээс хойш эсрэгцэн зогссон хүйтэн харилцаанд цэг тавьж, дипломат харилцаагаа сэргээснээ зарласан билээ.  Кубад 1959 онд АНУ-ыг дэмжигч засгийн газрыг огцруулсан нь хүйтэн дайны эхлэлийг тавьсан юм.  Барак Обама АНУ-ын олон жил баримталсан Кубыг ганцаардуулах бодлогыг өөрчилсөн билээ. Харин Барак Обамагийн бодлогыг шүүмжлэгчид Куба дах айлчлалыг цагаа олоогүй гэж дүгнэж байгаа юм.  Тэргүүн хатагтай болон охидынхоо хамт Кубад айлчилж буй АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хамгийн түрүүнд саяхан нээгдсэн АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнуудтай уулзсан байна.

 

 

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг Кубын Ерөнхийлөгч Раул Кастро онгоцны буудал дээр угтаж аваагүй талаар Бүгд найрамдахчууд хэдийн шүүмжлээд эхэлсэн бөгөөд Доналд Трамп энэ тухай “Чухал айлчлал болж байна, гэхдээ Ерөнхийлөгч хүндлүүлж чадсангүй” гэж жиргэсэн юм. Барак Обама Раул Кастротой албан ёсны уулзалт хийх боловч түүний ах, Кубын хувьсгалын удирдагч асан Фидель Кастротой уулзахгүй ажээ. 88 жилийн турш хоорондоо дайсагналцсан харилцаатай байсан хоёр улс дипломат харилцаагаа сэргээснээс хойш бие биедээ хэрхэн найр тавих нь олон улсын анхаарлын төвд байгаа билээ.

 

АНУ-ын Ерөнхийлөгчийн Куба арал дахь айлчлал хоёр орны хоорондох царцсан худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалын харилцааг сэргээх том алхам юм. Өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш хоёр тал дипломат харилцаагаа сэргээж, худалдаа, мэдээлэл харилцаа холбоо болон агаарын тээврийн салбарт хэд хэдэн гэрээ хэлэлцээр байгуулсан юм. Гэвч хоёр орны хамгийн эмзэг сэдэв болох Кубын эсрэг тавьсан 54 жилийн эдийн засгийн хориг хэвээр байгаа билээ. Барак Обама Конгресст Кубын хоригийг цуцлах санал оруулсан боловч Бүгд найрамдахчууд саад болсон юм. Барак Обама бүрэн эрхийнхээ хүрээнд айлчлалынхаа өмнө Кубын худалдаа, аялал жуулчлалын эсрэг хоригуудыг цуцлуулсан аж.

 

Кубын эсрэг 54 жилийн өмнө тавьсан эдийн засгийн хоригоос болж ард иргэд нь өлмөн зэлмүүн амьдарч ирсэн ч тэд Америкчуудыг арал дээр санасныг бодвол сайнаар хүлээж авчээ.

 

 

Америкт дургүй байх шалтгаан Кубад олон бий. Жишээ нь 1934 оны гэрээний дагуу Кубын Гуантанамо арал дээр АНУ хяналтаа тогтоосонд одоо ч эмзэг сэдвийн нэг хэвээр байна. Куба 1934 оны гэрээ одоо хүчингүй болсон гэж үздэг ч Барак Обама уг асуудлыг хэлэлцэхээс татгалзсан юм. АНУ мөн Кубын улс төрийн тэрс үзэлтнүүдийг өмгөөлж хамгаалж байдагт Куба дургүй.

 

Кубын Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын сайд Родриго Диаз хэлэхдээ “Обамагийн засаг захиргаа зөв чиглэлд явж байна” гээд “Гэсэн ч замд тээг болж буй асуудлаа нэг мөр шийдэхээс нааш харилцаагаа хэвийн болгож чадахгүй ”гэсэн юм.  Үүний хариуд АНУ Кубын нэг намын систем болон улс төрийн тэрс үзэлтнүүдийг хэлмэгдүүлж байгааг шүүмжилдэг.

 

Барак Обамагийн айлчлалын өмнө Кубын улс төрийн хилс хэрэгтнүүдийн эхнэрүүдийн “Цагаан хувцастай эмэгтэйчүүд” хөдөлгөөнийхөн гудамжинд гарц хаан сууж, эсэргүүцэл илэрхийлсэн боловч цагаа олоогүй тэднийг цагдаа нар баривчлан хорьжээ.  Кубын эрх баригчид тэднийг АНУ-ын дэмжлэгтэй, улс орныг хагалан бутаргах гэсэн үймээн дэгдээгчид гэж буруутгаж байна.

 

 

Куба арал дээр хөл тавьсныхаа дараа Кубын иргэдэд хандаж хэлсэн Барак Обамагийн эхний үг нь нутгийн хэлээр “Сонин юутай байна?” хэмээх жиргээ байжээ. Гэвч түүний энэ мэндчилгээг цөөхөн хүн л олж уншсан аж. Учир нь Кубын эрх баригчид интернэт орчныг хатуу хянадаг билээ.

 

Барак Обамагийн айлчлалыг Америкчууд, тэр дундаа өрсөлдөгч Бүгд найрамдахчууд “Куба дах Кастрогийн коммунист дэглэмийг баримтлагчдын гар хөлийг барихаас цаашгүй” гэж дүгнэж байгаа аж.

 

Харин Барак Обама ирэх сонгуулиар Цагаан ордны эзэн Бүгд найрамдах намаас гарсан ч бай АНУ, Куба хоёр улсын дипломат харилцааг сэргээж, хэвийн байдалд оруулахаар зорьж байгаа ажээ.

 

 

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж