Стратегийн айлчлалууд

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

Стратегийн айлчлалууд

Л. Болормаа  

  Зургадугаар сар стратегийн мөчлөг байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ, АНУ-д цөөхөн хоногийн зайтай айлчилж, Ерөнхий сайд БНХАУ-д хэлэлцээрүүд үзэглэв. Гурвууланг нь Монголын удирдагчид “стратегийн түнш” хэмээн онцлов. “Сайн хөрш, гурав дахь хөрш” хэмээн гурван их гүрнийг Монголдоо ойртуулан дотносох эрмэлзлээ манай тал илэрхийлжээ. ОХУ, БНХАУ, АНУ-ын компаниудыг Тавантолгой ордын олон улсын тендерт шалгаруулан, нэгдсэн Консорциум үүсгэх магадлал ч өндөр байна.

   Энэхүү стратегийн айлчлалууд нь манай улсын гадаад бодлого, тухайлбал эдийн засаг дээр тулгуурласан гадаад хамтын ажиллагааны шинэ суурийг бүрдүүлэх юм. ОХУ, БНХАУ ба АНУ-ын талтай гаргасан хамтарсан Мэдэгдэл тус бүрт “Эдийн засгийн харилцаагаа эрчимжүүлэх “гэсэн ижилхэн өгүүлбэр багтжээ. Харин Монголтой эдийн засгийн харилцааг хэрхэн хөгжүүлэх тухайд гурван улс гурван өөр тактиктай байна.

ОХУ

   Засгийн газрын тэргүүн В. Путиний халаасны Захирлууд  Монголтой хамтарсан үйлдвэр аж ахуйг удирддаг. “Халаасны” гэдэг нь Владимир Владимировичийн  итгэлт хүмүүс гэсэн үг. Харин Дмитрий Медведев энэ нөхцөл байдлыг ерэн градус эргүүлчих магадлалтай болоод байна. ОХУ-ын Ерөнхийлөгч төрийн мэдлийн компаниудын хувьцаанаас татгалзах бодлогыг зарлаж эхэллээ. Түүний сонгуулийн сурталчилгаа үүгээр эхэлж байгаа юм. Төрийн оролцоо  давамгайлсан эдийн засгийг чөлөөлж, жинхэнэ капитализм мандуулах, улмаар гадаадын хөрөнгө оруулалтыг Оросын уудам талд татах шинэ бодлогоороо тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуулийн кампаниа эхлүүлжээ. Зэргэцээд орон нутгийн “хамжлагат ёсыг” халж, нутгийн өөрөө удирдах засаг захиргаанд мөнгөний эрх мэдэл өгөхөөр шамдаж байна. Нэг үгээр Медведев Оросыг төрийн дэглэмээс чөлөөлнө. Гэхдээ үлэмж биет Орос чөлөөлөгдөхөөрөө үр дагавар нь ямар байхыг хэлж мэдэхгүй. Ямар ч байсан Медведевийн шинэ бодлого сонгогчдын саналыг татах өндөр магадлалтай.
   Монголтой хамтарсан хуучин ба шинэхэн байгуулагдсан аж ахуйнууд бүгд Оросын төрийн мэдлийн өмчлөлтэй. Оросын төмөр замын нэгдэл, РосАтом, Ростехнологий компанийг Путиний талын Захирлууд удирддаг. Тэд Монголтой хамтарсан “Улаанбаатар төмөр зам”, “Дэд бүтцийн хөгжил”, “Дорнод уран” компани байгуулсан. Орос оронд өрнөж буй шинэчлэлийн салхин дор эдгээр компани нь төрд хамаагүй болж,  хувьд шилжих нь дамжиггүй. Монголчууд стратегийн сүйт хархүүгийнхээ цаадах наадахыг шинжихээс аргагүй ээ гэсэн үг. Ширүүн залуутай сууж магадгүй. Орос хархүү сүй тавихаасаа өмнө баахан гомдол мэдүүлснийг манай уншигчид Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлалын дараа анзаарсан биз ээ. Монголын төрийн байгууллагууд уран, Тавантолгойн асуудлаар нэгдсэн байр суурьгүй, ойлгомжгүй байдал үүсгэсэн хэмээн тэд Монголын удирдагчид гомдсон юм. “МонАтом”-ын  Р. Бадамдамдин захирлыг Канадын “Хан Ресорсиз” компанитай дэлхийн жишгээр харилцлаа гэж гомдсон юм болов уу даа. Ямар ч гэсэн Ерөнхийлөгч маань нутагтаа ирээд, Сайд, Агентлагийн захирлуудыг суулгаж байгаад, ажлаа уялдуул, бодлогоо нэгтэг хэмээн сануулга өгч, Ерөнхий сайдтай бас уулзан санал солилцсон. Оросууд манай нефтийн жижиглэнгийн бизнест хутгалдах хүсэлтэй байгааг Ерөнхийлөгч Ерөнхий сайдад дуулгаад, одоо оросуудаас урьдын адил бүх бензинээ авч чадахгүй болсныг, тиймээс хятадуудтай нефтийн импорт ярилцах ёстойг аминчлан захижээ. “Роснефть”-ийн 100 түгээгүүрийн шахааг Монголын Парламент 2008 оны хавар буцаасан боловч энэ удаа дахин бүдүүлэгдүү байдлаар Монголын удирдагчдад ийнхүү тулгалт хийсэн юм.
   Оросын хөрөнгө оруулалт Монголд 3 гаруй хувиас хэтрээгүй, нийт экспортын 2.7 хувийг, харин импортын 33.3 хувийг эзэлдэг хэвээрээ. Дээрх тоонууд сүүлийн хэдэн жил бараг хөдлөөгүй ба эдийн засаг -худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлье гэхнээ Путин маягийн тулгалтыг манайхан мөргөсөөр байгаа юм. Европын хийн крантыг хаадаг, Хятадад Европын адил ханшаар өндөр үнэтэй хий нийлүүлэх гэж зүтгэдэг занг Путин маягийн гэж нэрлэлээ.
   Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ-д хийсэн айлчлалынхаа талаар “1949 оны Төмөр замын гэрээг шинэчлэхээр тохиролцлоо. Энэ тал дээр ганц хоёроос бусдаар нь нэгдмэл байр суурьт хүрлээ” гээд, тохирч чадаагүй ганц хоёр зүйлийг Х. Баттулга сайдын арга самбаанд найдан үлдээснээ хэлсэн юм. Ерөнхийдөө Оростой стратегийн түншлэл ярихаасаа илүүтэй самбаачлан аргадах тактикийг Монгол Улс баримаар шинжтэй хатуу айлчлал болжээ.

Хятад

   Оросуудын зөвшөөрөөгүйг Хятадаас Ерөнхий сайд гуйв. Нефть  олборлох, боловсруулах, нийлүүлэх  ажилд урт хугацаанд Хятадтай хамтран ажиллах саналыг С. Батболд тавив. Хятадууд мэдээж зөвшөөрч, дээр нь 500 сая ам. долларын хөнгөлөлттэй зээл, бас буцалтгүй тусламж өгөх болжээ. Яншаний нефть боловсруулах үйлдвэртэй Ерөнхий сайд танилцахын сацуу төмөр замын шинэ урсгал нээх , хилийн боомт ашиглалтыг сайжруулах тухайд төвөггүй тохиролцжээ. Хятадын хөрөнгө оруулалт 55 хувьд хүрч, нийт импортынхоо 30.1 хувийг монголчууд өмнөд хөршөөс авч, экспортынхоо 84.4 хувийг мөн тийш гаргасаар байна. Манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар Хятадын хүчин зүйлийг анх удаа ил тод хүлээн зөвшөөрч, “Өмнөд хөршийн эдийн засаг Монгол улсад боломж нээж байна” хэмээн мэдэгджээ. Урьд нь Хятадын “тоос сорогчноос” болгоомжлох хандлага манай удирдагчдад түлхүү байсан бол одоо тус улстай “стратегийн түншлэлийн түвшинд харилцах болсноо” айлгүйгээр зарлав. Орос хархүүгийн ширүүн харцан дор ийнхүү хятад маягийн “зөөлөн идэх” занганд орж байна уу гэлтэй.
   Монгол улс нь ОХУ-тай хилийн нийт 29 боомтоор харилцдаг. Харин Хятадтай 13 боомтын гарцтай. Сүүлийн жилүүдэд ОХУ-тай хийх хилийн худалдаа бараг үгүй болсон тул ажиллагаагүй шахуу 29 боомтоо цөөлөх, хаах  асуудал яригдаж байгаа бол Хятадтай харилцдаг боомтуудынхаа хүчин чадлыг сайжруулах хэлэлцээрийг монголчууд хийж эхэлсэн. Монголтой харилцах стратегийн түншлэлдээ Хятад нь Оросоос тэс өөр, зөөлөн нь хатуугаа идэх  тактикийг ийнхүү барьж байна. Монголчуудын хувьд Оросын хатуу болзлуудаас үүдээд арга буюу өмнөд хөршөөсөө нефтийн үйлдвэр барих мөнгө гуйх гэх мэт алхам хийжээ. Ерөнхий сайдын айлчлалын үеэр хоёр улсын Авто замын хэлэлцээрийг шинэчлэхээр сая нэг тохиролцож чадлаа. Хэлэлцээрийг шинэчлэх ажлыг цөөнгүй жил ярьсан боловч ажил урагшлаагүй байсан юм. Нэг үгээр, Хятадын тал манай газар нутагт Монгол улсын хууль дүрмээр явах нөхцөл бүрэлдэнэ гэсэн үг. Хоёр талын худалдаа-хамтын ажиллагаанд  Хятадын талын давамгай нөхцөл ордог байсныг эрх тэгш болгох нэг алхам юм.
   Орос ба Хятадын талаас манай удирдагчид адилхан нэг зүйл хүссэн нь бүс нутгийн дэд бүтцийн мега төслүүдэд Монголыг оролцуулаач гэсэн санал. Тухайлбал, нефть, шатдаг хий дамжуулах хоолойн бүс нутгийн супер төсөлдөө манай улсыг оролцуулна уу гэжээ. Хөршүүд судалж анхаарна гэсэн хариу өгсөн ба үнэн хэрэгтээ Хятад, Орос хоёр өөрсдөө худалдах, худалдан авах үнэ дээрээ тохироогүй байгаа шүү дээ.

АНУ

   Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж АНУ-д айлчлал хийхдээ хамаагүй дарамт бага, сэтгэл тэнэгэр явсан буй за. Тэнд түүнийг “Азийн эрх чөлөөний бэлгэ тэмдгийн” адилаар тосон авч, газар сайгүй найрсаг хүндэтгэл үзүүлжээ. Энэ бол улс төрийн агуулгатай айлчлал болсон юм. Манай Ерөнхийлөгч “ Монгол орны нүүрс болон бусад эрдэс баялаг, дэд бүтэц, хөдөө аж ахуй,  эрчим хүч , аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд АНУ-ын компаниудын гүйцэтгэх үүрэг чухал бөгөөд тэдгээрийн олон улсад тэргүүлэх менежмент, уул уурхайн салбар дахь техникийн аюулгүй байдал, байгаль орчинд ээлтэй дадлага туршлагыг өндөр үнэлдгээ” илэрхийлснээр айлчлалын эдийн засгийн агуулга ерөнхийдөө хязгаарлагдана.  Америкийн тал Боинг компанийнхаа эрх ашгийг хамгаалж байгаагаа ерөнхийд нь ойлгуулаад, МИАТ-тай сайхан түншлэхийг ерөөгөөд, өөр олон янзын дарамт шахалт гэх зүйлийг Монголын удирдагчид мэдээж үзүүлээгүй.
   Хоёр хөршдөө Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын хийсэн айлчлалын үеэр Зүүн хойд Азийн хүрээний хамтын ажиллагааг онцолж байсан бол америкчууд Ази, Номхон далайн бүс нутагт энх тайван, ардчиллыг тогтоох үйлсийг голлон ярилаа. Монголчууд нийт импортынхоо 4.8 хувийг Америкаас авдаг, харин экспорт бараг нэг хувьд ч хүрдэггүй. Монгол дахь Америкийн хөрөнгө оруулалтын хувьд Оростой ойролцоо буюу 3 гаруй хувьтай. Энэ нь хөрш Канадаасаа бараг хоёр дахин бага үзүүлэлт юм. Хэдийгээр айлчлалын хамтарсан Мэдэгдэлд эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гэсэн үгс орсон боловч АНУ Монголыг Ази дахь ардчилсан үнэт зүйлсийн түшиц хэмээн улс төрийн агуулгаар харсаар байна. Харин Америк бидний хувьд гурав дахь хөрш, Аюулгүй байдлын баталгаа хэвээр.
   Дээрх гурван улсын эдийн засгийн ашиг сонирхлыг нутагтаа  ижил тэнцүү хадгалахыг Монголын удирдагчид чармайсаар ирсэн. Хэдийгээр Монгол орон ашигт малтмалын арвин нөөцтэй боловч бидний хүсэл зоригоос үл хамаарах хүчин зүйлүүд асар хүчтэйг зургадугаар сарын айлчлалууд харуулав. Дээрх гурван айлчлалын үр дүн нь Тавантолгой ордын олон улсын хөрөнгө оруулагчийг шалгаруулах хэлэлцээрт сүүлийн цэгийг хатгах зорилготой байв.  Гэсэн ч Тавантолгой дэлхийн хэмжээний орд боловч их гүрнүүдтэй санасны зоргоор тохирч болдоггүйг монголчууд одоо харж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж