Ахмадууд ТОСК-ийн гадаа хоножээ

Хуучирсан мэдээ: 2016.03.21-нд нийтлэгдсэн

Ахмадууд ТОСК-ийн гадаа хоножээ

Түрээсийн орон сууцын бүртгэл өнөө өглөө /2016.03.21/ эхэллээ. Төрийн орон сууцны корпорациас ирэх сарын нэгэн хүртэл түрээсийн орон сууцад орох хүсэлтэй иргэн бүрийг бүртгэх юм. Ингэхдээ байранд орох хүсэлтэй, ахмад настнуудыг энэ сарын 21, 22 нд, 2016 оны нэгдүгээр сарын нэгнээс өмнө гэрлэлтээ батлуулсан 35 хүртэлх насны залуу гэр бүлийг 23,24 ний өдрүүдэд, хувийн байгууллагын ажиллагсад, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон төрийн албан хаагч, байгалийн гамшиг гэнэтийн аюулд нэрвэгдэж орон байргүй болсон өрхийг 25-28 ний өдөр, 0-18 насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эсвэл эхийг гуравдугаар сарын төгсгөлд 30 ний өдөр бүртгэх хуваарийг гаргажээ. Энэхүү хуваариар өнөөдөр, маргааш хоёр “Буянт Ухаа II" хороололд зарлагдсан түрээсийн орон сууцад орох хүсэлтэй ахмадуудыг зөвхөн бүртгэнэ. Өчигдөр өглөөний 09.00 цагаас эхлэн иргэд ТОСК-ийн үүдэнд дугаарлаж, зарим нь шөнө машиндаа сахиж хоносон байна. Харин зарим иргэд үүрийн 05.00 цагт ТОСК-ийн үүдэнд ирж, дугаарлажээ.

Өглөөний 08.30 цагт ТОСК-ийн ажил эхэлж иргэдийг дарааллын дагуу 10, 10-аар нь оруулж, бүртгэж эхэлжээ. Ийнхүү бүртгүүлэхээр орсон ахмадуудын ихэнх нь бүрдүүлэх бичиг баримт дутуу, эргэж буцаж арын иргэддээ хүлээлт үүсгэх тохиолдол их байна гэж ТОСК-аас мэдээллээ. 09.40 цагийн орчимд буюу нэг цаг 10 минутын хугацаанд ТОСК нийт 12 хүн бүртгэсэн байлаа. Гадна нь 474 хүн нэрээ бичүүлж, ар араасаа дугаарлан зогссон юм. Гадна дугаарлан зогсож буй зарим ахмадууд ТОСК ямар ч зохион байгуулалтгүй ажиллаж, иргэдэд хүндрэл учруулж байна гэж шүүмжилсэн юм. Тухайлбал бүрдүүлэх бичиг баримт дээрээ иргэний үнэмлэхээ нотариатаар батлуулж авчир гээгүй мөртөө бүртгүүлэхээр орсон иргэдээс нэхэж байна гэсэн юм. Мөн зарим ахмадууд төр орон сууцаа түрээслэх биш улсдаа хийдгээ хийгээд тэтгэвэртээ гарсан настангуудад шууд өмчлүүлэх ёстой гэсэн байр суурьтай байлаа.

Түрээсийн орон сууцад орох иргэдийг зорилтот бүлгээр нь зургаан хэсэгт хуваажээ. Ингээд тус бүрд нь 5-30 хувийн квот олгосон байна.  Тухайлбал, Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настанд 15 хувь, залуу гэр бүл буюу 2016 нэгдүгээр сарын 1-ээс өмнө гэрлэлтээ батлуулсан 35 хүртэлх насны эхнэр, нөхөрт 20 хувь, хувийн байгууллагын ажиллагсад, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 30 хувь, төрийн албан хаагчид 15 хувь, байгалийн гамшиг, гэнэтийн аюулд нэрвэгдэж орон гэргүй болсон өрхөд таван хувь, 0-18 насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрхөд 10 хувь, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэднийг халамжилдаг гэр бүлд таван хувийн квот олгож байгаа юм. Хэрвээ бүртгүүлсэн иргэдийн тоо квотоос давсан тохиолдолд сугалаа явуулах замаар тодруулна. Иргэдийн хувьд хугацаандаа бүртгүүлж амжаагүй, шаардлага хангахгүй шалтгаанаар буцаагдсан тохиолдолд энэ сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 1-ний дотор дахин бүртгүүлэх боломжтой юм. Орон нутагт бүртгэлийн өдрүүд ялгаатай явагдаж эхэлсэн. Тухайлбал, Дархан Уул аймагт энэ сарын 14-18-ны өдрүүдэд Дархан суман дахь “Найрамдал хороолол”-д 85 байранд бүртгэл хийжээ. Харин “Аймаг бүрд 1000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Увс аймгийн Улаангом, Ховд аймгийн Жаргалант, Архангай аймгийн Эрдэнэбулган, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд энэ сарын 21-25-ны хооронд тухайн орон нутаг дахь ТОСК  буюу түүний ажилтан мөн иргэдийг бүртгэж эхэлсэн байна.

Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийг

бүртгэх хуваарь

 

 

Зорилтот бүлгийн ангилал

БХБЯамны сайдын 2016.02.23-ны өдрийн 28 дугаар  тушаалаар батлагдсан “Иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ын хүрээнд Түрээсийн орон сууцанд хамрагдах квот

/хувиар болон тоогоор/

 

 

Бүртгэл явагдах өдрүүд

Квот %

2 өрөө

39.3 мкв

2 өрөө

49.23 мкв

1

Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан

15%

30

22

2016.03.21-22

2

Залуу гэр бүл /2016.01.01-ээс өмнө гэрлэлтээ батлуулсан 35 хүрэлх насны эхнэр нөхөр/

20%

40

30

2016.03.23-24

3

Хувийн байгууллагын ажиллагсад, хувиараа хөдөлмөр эрхлэгч

30%

60

45

2016.03.25,03.28

4

 

Төрийн албан хаагч

15%

30

23

2016.03.29

Байгалийн гамшиг, гэнэтийн аюулд нэрвэгдэж орон байргүй болсон өрх

5%

10

7

6

 

0-18 насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэй

10%

20

15

2016.03.30

Хөгжилийн бэрхшээлтэй иргэд, тэдгээрийг халамжилдаг гэр бүл

5%

10

 

8

 

 

100%

200

150

 

Тайлбар: 2016 оны 03-р сарын 21-с 04-р сарын 01-г дуустал “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллын 350 байранд түрээсийн орон  сууцны бүртгэл явагдана.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж