
Энэ үед хуралдааны уур амьсгал ч ширүүсэх аястай болсон юм. Гол нь Байнгын хорооны дарга Д.Очирбат, гишүүн С.Эрдэнэ хоёрын хооронд багахан “дажин” дэгдэв. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Монголд нийгмийн халамж багадаагүй байна. Гэтэл нийгмийн халамжид зориулахаар дахиад 100 гаруй тэрбум төгрөгийн нэмэлт хөрөнгө шаардлагатай болжээ. Аль нэг нам, улс төрд үйлчлэх хэмжээний хууль гаргаж болохгүй. Халамжид гарцаагүй хамруулахаас аргагүй зорилтот бүлгээ эхлээд зөв тодорхойлох ёстой. Тэр аргачлалаа зөв гаргаж чадаагүй байгаа шүү дээ. Халамжийг сонгогчдод таалагдах гэж хавтгайруулах бус, зорилтот бүлэгт чиглүүлж аргачлалаа зөв болгох хэрэгтэй” гэв.
Харин Байнгын хорооны дарга Д.Очирбат “Нийгмийн халамжийн хуулийн төслийг хэлэлцэх асуудлыг зургаа дахь удаагаа буцааж байна. Ардчилсан намын завсарлага хэрээс хэтэрч байна. Энэ хуулийг хэлэлцээгүйгээс болж Дэлхийн банкнаас үзүүлэх тусламж дэмжлэг хойшлохоор болоод байгаа. Иймд улстөржиж болохгүй. Хуулийн төслийг хэлэлцэх зайлшгүй шаардлагатай” хэмээн харилцан дуугаа өндөрсгөв. УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Дондог “Ажлын хэсэг долоо хоног тутам энэ асуудлаар хуралдаж байна. Асуудлыг улстөржүүлэхгүйгээр шийдье. Болохгүй зүйлээ ажлын хэсэг дээр ярья. Хэрэв асуудлыг 2012 оны сонгуультай холбож үзэж байгаа бол 2012 оны сонгуулийн дараа хэрэгжүүлэхээр хугацааг нь зааж болно шүү дээ” гэж байв. Гэвч Ардчилсан намын бүлгийн завсарлага авах санал нэхэл хатуутай байсан тул санал зөрөлдөөнтэй асуудлаа дахин сайтар ярилцаад даруй оруулж ирэх үүргийг байнгын хорооны дарга Д.Очирбат өгсөн юм.
Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг энэ удаад хойшлуулах болсон шалтгаан нь ажлын хэсгийг ахалж байсан гишүүн Д.Одбаяр ажлын хэсгийн ахлагчаасаа татгалзсан тул дахин ярилцах шаардлагатай гэж үзжээ.
Байнгын хороогоор хэлэлцэх “бусад” гэсэн асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн З.Энхболд Тамхины тухай хуулийг хэлэлцүүлэх горимын санал гаргасан ч хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хүлээж авалгүйгээр хуралдааныг өндөрлүүллээ.