Арабын Нэгдсэн Эмират улсын Абу-Даби хотноо болсон шайбтай хоккейн “Asian challenge cup-2016” тэмцээнээс манай хоккейчид хүрэл медаль хүртлээ. Монгол Улсын хоккейн шигшээ баг өнгөрсөн шөнө хэсгийн сүүлийн тоглолтоо Тайландын багтай хийж, 7:3 онооны харьцаагаар хожин медалийн тавцанд зогслоо. Манай хоккейчид “Asian challenge cuр” тэмцээнээс ийнхүү сүүлийн дөрвөн жил дараалан хүрэл медаль хүртээд байна.
Энэ удаагийн тэмцээний аваргаар Тайваны баг шалгарсан бол АНЭУ мөнгөн медаль хүртлээ. Хоёр багийн хувьд адил гурван хожилтой байсан бөгөөд шийдвэрлэх тоглолтод Тайваны хоккейчид зохион байгуулагчдыг 6:1-ээр буулган авч сүүлийн дөрвөн жил дараалан аваргын цомыг өргөлөө.
ДҮН:
Алтан медаль: Тайвань /4 хожил/
Мөнгөн медаль: АНЭУ /3 хожил, 1 хожигдол/
Хүрэл медаль: Монгол /2 хожил, 2 хожигдол/
IV байр: Тайланд /1 хожил, 3 хожигдол/
V байр: Сингапур /нэг ч хожил аваагүй/
Ч.ОТГОНБААТАР