ОХУ-ын Доны Ростов хотод осолдсон Flydubai компанийн FZ981 онгоцны ослын шалтгааныг тодруулахаар 500 гаруй хүн, 60 гаруй машин техник ажиллаж байна.
Агаарын хөдөлгөөний хяналт болон орон нутгийн онцгой байдлын албаны баталж буйгаар Boeing 737-800 онгоц үзэгдэх орчин муу байсны улмаас хоёр дахь удаа буух оролдлого хийж байхдаа осолдсон гэнэ. Ослын шалтгааныг тогтоогоогүй байгаа боловч үзэгдэх орчин муу байсны улмаас нисэх зурвасаас 50-100 метрийн наана осолдсон гэдэг урьдчилсан таамаг дэвшүүлээд байна. Орон нутгийн онцгой байдлын албаны мэдээлснээр онгоцны багийн долоон хүнтэй нийлээд нийт 62 хүн бүгд амиа алдсан байна.
Онгоцны зорчигчид нь бүгд ОХУ-ын иргэд байсан бөгөөд нисэх багийн гишүүдийн зарим нь гадаадын иргэд байжээ.
Ослын бичлэгээс харахад онгоц газардах үедээ дэлбэрчээ. Ослын газар ажиллаж буй онцгой албаныхан галыг унтрааж дуусаад эрлийн ажлыг эхлүүлсэн байна.
FZ-981 FlyDubai нислэгийн онгоц баасан гаригийн 22:37-д хөөрч 01:40-д газардах байжээ. Гэсэн хэдий ч онгоцны буудал Москвагийн цагаар өглөөний 9:00 минутад хаалттай байжээ. Ослын улмаас зургаан нислэг хойшлогдсон гэнэ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар онгоц буух эхний оролдлого хийх үеэр сүүл нь гэмтсэн байна. Ингээд хоёрдах оролдлого хийх үеэрээ осолдож, дэлбэрчээ.
Орон нутгийн онцгой албаны газрын сайд шинжээчдийн баг болон амь үрэгдэгсдийн гэр бүлийнхнийг тайвшруулахаар сэтгэлзүйчдийг илгээжээ.
Н.ЭНХ