Европ даяар эрэн сурвалжилж байсан, Парисын халдлагын гол сэжигтнийг цагдаа нар Брусселээс баривчилсан байна.
Баривчилгаа болсноос хэдхэн цагийн дараа Францын Ерөнхийлөгч уг халдлагад холбоотой бусад сэжигтнүүдийг удахгүй баривчилна гэж мэдэгдсэн юм.
Сэжигтэн 26 настай Салах Абдеслам бол Парисын халдлагыг зохион байгуулсан этгээдийн багын найз нь байжээ. Мөрдөгчид түүнийг халдлага болсон өдөр буутай алан хядагчдыг машинаар хүргэж өгч, орогнох газар олж өгч, дэлбэрэх бодис олж өгсөн этгээд гэж сэжиглэж байгаа юм. Салах халдлагын дараа амиа золиослон бөмбөг дэлбэлэхээр төлөвлөж байжээ.
Парист үйлдсэн цуст халдлагынхаа дараа сэжигтэн мөрдлөгөөс зугатан Бруссель руу гарч, тэндээ олон сараар бүгсэн байжээ. Сэжигтэн цагдаа нарын гараас хэд хэдэн удаа мултарсан байх магадлалтай гэнэ. Бельгийн хууль сахиулагчид Бруссель хотын замыг хэдэн өдөр хааж, мөрдлөг, нэгжлэг явуулсан ч олохгүй байжээ.
Парист хотод арваннэгдүгээр сарын13-нд рок концертын үеэр 130 хүнийг хөнөөсөн цуст халдлага үйлдэж, Европын цочирдуулсан лалын хэт туйлшрагчдын нэгийг баривчилсан нь Франц, Бельгийн энгийн иргэд болон цагдаа нарыг тайвшруулсан байна.
Баасан гаригт явуулсан тусгай ажиллагааны үеэр Салах Абдеслам болон өөр дөрвөн этгээдийг баривчлан хорьсон нь түүнийг орогнуулж байсан ар гэрийнхэн нь байжээ. Ажиллагааны үеэр хөлөндөө шархатсан Абдесламыг эмнэлэгт хүргэсэн гэнэ.
Салах Абдеслам Бельгид Сирийн дүрвэгчийн хуурамч паспорттой орогнож байжээ.
Өнгөрсөн долоо хоногт Бельги, Францын цагдаа нар Парисын халдлагатой холбоотой этгээд Бруссельд орогнож байгаа тухай сэжүүр олж авчээ. Өнгөрсөн нэгдүгээр сард Бельгийн цагдаа нар Салах Абдесламын хурууны хээтэй гараар хийсэн амиа золиослогчийн бөмбөгийг Брусселээс олсон талаар мэдээлж байсан юм.
Н.ЭНХ