Зөвшилцөл мухардалд орлоо

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

Зөвшилцөл мухардалд орлоо

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, дэд дарга Л.Гантөмөр нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор зарчмын зөрүүтэй саналын томъёолол дээр ойлголцолд хүрэхээр УИХ дахь Ардчилсан намын бүлэг, МАН-ын бүлгээс тус бүр таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, өнөөдөр хоёр дахь хуралдаанаа хийсэн ч ойлголцолд хүрч чадаагүй байна. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бус хуралдаан зарлаж, энэ тухайгаа бүлгийн гишүүддээ танилцуулснаар 100 хувийн саналаар одооноос эхлэн УИХ-ын чуулганаас завсарлага авах шийдэлд хүрчээ. Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг хэлэхдээ “Зөвшилцөл нэгэнтээ мухардалд орсон учраас өнөөдрөөс эхлэн Ардчилсан намын бүлгийн гишүүд Сонгуулийн тухай хуулийн төслөөс бусад асуудал дээр оролцохгүй” гэж мэдэгдлээ.

Тус намын бүлгийн гишүүдийн хувьд “Пропорциональ давамгайлсан холимог тогтолцоо буюу 50:26 гаар сонгуулийг хийх. Нэр дэвшигчээр санал дугуйлах бус намын нэрээр санал дугуйлна гэсэн зарчмын байр сууриа илэрхийлсэн ч МАН-ын бүлэг хүлээж авах боломжгүй гэж мэдэгджээ. Учир нь УИХ дахь МАН-ын бүлэг можаратор давамгайлсан холимог тогтолцоогоор сонгууль явуулна гэж сөрж суугаагийн зэрэгцээ намын нэрээр бус нэр дэвшигчээр санал авна гэдгээ хатуу мэдэгдэж буй учраас хоёр тал зөвшилцөлд хүрэх боломжгүй болжээ.

Энэ талаар Ч.Сайханбилэг дарга дараах тайлбар хийлээ.

Тэрбээр “Бид яагаад ийм санал гаргаж байна вэ гэхээр Монгол Улс уул уурхайн салбар,  эдийн засгийн өсөлтөөс шалтгаалж улстөр, нийгмийн бодлогын хувьд зарчмын том өөрчлөлт гаргах бодит нөхцөл байдал дээр хүрэлцэн ирээд байна. Тийм учраас хууль тогтоох байгууллагын төлөвшил нь эдийн засгийнхаа хөгжлийг дагаж дараагийн шатанд шилжих ёстой. Өөрөөр хэлбэл, УИХ-аас баталж  байгаа шийдвэрүүд улс орныхоо хөгжлийн бодлогыг хангасан байх ёстой гэж үзэж байгаа. Сүүлийн таван сонгуулийг жалга довны үзлээр хийсэн. Ингэснээр энэ жаахан хөрөнгө оруулалтын мөнгөө хэн авхаалжтай самбаатай нь 76 тойрог,  21 аймаг руугаа хувааж шилжүүлэх вэ гэдэг уралдаан өнгөрсөн жилүүдэд явж ирлээ. Өнөөдөр Монгол Улсын парламент  нийт иргэдэд наалдсан бодлого явуулах цаг хугацаа нь болсон  гэж бид үзэж, пропорцаналь тогтолцооныхоо давуу байдлыг авъя гэдэг энэ үндсэн шалтгааныг мөрдлөгө болгосон.

Хоёрдугаарт, 2008 оны долдугаар сарын 1-нд сонгууль шударга болсонгүй гэж үзэж, ард олны эсэргүүцэл болсон. Үүний хариулт болж хамтарсан Засгийн газар байгуулагдсан гэж боддог. Хамтарсан Засгийн газрын хийх ёстой ажлын нэг нь сонгуулийн тогтолцоог шударга болгох, санал гээгддэггүй болгох зарчмуудыг мөрдлөг болгох үндэслэлийг Сонгуулийн шинэ хуулиндаа оруулах ёстой гэж үзэж байгаа.

Бүлгийн хувьд ийм зарчмын байр суурь баримталж байгаа учраас сонгуулийн пропорциональ тогтолцоо давамгайлсан шинэ тогтолцоондоо шилжиж орох нь Ардчилсан намын бус нийт монголчуудын эрх ашиг гэж бид бүхэн санал нэгдсэн. Тийм учраас УИХ-ын Сонгуулийн хуулийг эцэслэн батлагдах хүртэл Ардчилсан намын бүлэг нь бусад үйл ажиллагаанд оролцох боломжгүй гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр, ажлын хэсгүүд зөвшилцөж чадахгүй байгаа үед намуудын удирдлагууд улстөрийнхөө шийдвэр гаргах энэ бүх хэрэгсэл механизм байгууллагуудаа дайчлан ажиллаж, Сонгуулийн хуулиа эцэслэн гаргах асуудлаа нэгдүгээрт тавих ёстой гэж үзэж байгаа. Тийм учраас ийм зоримог алхам хийхээс аргагүй байдалд хүрлээ

-УИХ-ын хаврын чуулганыг завсарлуулах хугацаа ойртчихлоо. Ийм үед хоёр тийшээ хараад суучихаар Сонгуулийн хуулийг баталж чадах уу. Дээр нь шийдлээ хүлээсэн олон асуудал хүлээгдэж байна шүү дээ?

Ч.Сайханбилэг:-Хоёр тийшээ харж суухын тулд хоёр тийшээ харсангүй. Ийм байдалд орохоос аргагүй нөхцөл байдал үүсээд байна. Мэдээж нийгмийн өмнө тулгамдаж байгаа шийдлээ хүлээсэн олон чухал асуудал байгааг ойлгож байгаа. Цаг хугацаа тулсан учраас бид энэ асуудалдаа ач холбогдол өгч нийгмийн  анхаарлыг хандуулж эхний ээлжинд Сонгуулийн тухай хуулиа баталж авахгүй бол болохгүй байна гэдэг үндэслэлээр асуудалд хандаж байна л даа.

-МАН-ын бүлгийн ажлын хэсэг хамтарсан хуралдааны үеэр ямар байр суурь илэрхийлсэн бэ. Хэн хэндээ буулт хийж дундын хувилбар гаргаж ирж болдоггүй юм уу?

Л.Гантөмөр:-МАН-ын бүлгийн хувьд өмнөх байр суурин дээрээ хатуу зогсоно гэсэн.  Олонхийг бүрдүүлж байгаагийн хувьд байнгын хорооны хуралдааныг өнөөдрийн дотор яаралтай хуралдуулах, дээрээс нь энэ асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах. Тэр дундаа можараторийг 52-оор батлуулах. Ингэхдээ хүнд нь санал өгөхөөр батлуулах, тэгээд параллель байдлаар яв гэсэн чиглэлийг бүлгээс өгсөн гэж хэлсэн. Можараторийг 52 -оор тогтооно гэдэг нь буцаад 52 жижиг тойрог руу явуулах бодол нь давамгайлж байна гэсэн үг л дээ. Уг нь хуучин 76 жижиг тойрог байсныг бид задлаад 26 том тойрог болгосон. Гэтэл түүнээс буцаж байна, МАН-ын бүлэг. Түрүүн Ч.Сайханбилэг дарга хэлсэн, гурван жилийн хугацаанд Монголын эдийн засаг сэргэсэн гэж. Төсвийн хуримтлалыг бүтээн байгуулалтад нэлээд зарцуулсан. Тэр зарсан бүтээн байгуулалтыг сонгогдсон гишүүд нь “Би олж ирсэн” гэдэг байдлаар тойргийнхоо иргэдэд ойлгуулахыг чармайсан. Тэр ойлголтыг бий болгож чадсан гэж олон гишүүд үзэж байгаа юм билээ. Мөн маш олон уул уурхайн компаниуд хөрөнгөнийхөө хэмжээг жилд 100-200 дахин нэмэгдүүлж байгаа.  Энэ уул уурхайн компаниудын төлөөлөл МАН-аас нэр дэвшихээр саналаа гаргаад байгаа гэсэн мэдээллүүд бий. Жишээлбэл, Баянхонгор, Хөвсгөл, Дорнод зэрэг аймгуудад. Энэ нь их мөнгөтэй компанийн удирдлагуудад найдлага тавьж байгаа дүр зургийг буулгаад байна. Сонгуулийг шударга явуулъя гэж байгаа бол аль болох мөнгөгүй, аль болох мөнгө бага зарцуулдаг тогтолцоо руу явуулах ёстой.  Бидний тавьж байгаа пропорцаналийг аль болох их хувь байлгая гэдэг нь мөнгөнөөс холдуулъя, үзэл бодлын уралдаан байлгая гэдэг зорилго агуулагдаж байгаа юм шүү дээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж