Өнөөдөр дэлхийн нойрны өдөр /World sleep day/ ажээ. Дэлхийн нойрны өдрийг дэлхий нийт 2008 оны гуравдугаар сарын 14-нд анх тэмдэглэжээ. Түүнээс хойш нойр, эрүүл мэндийн асуудлын тухай ДЭМБ-ын төслийн хүрээнд энэ өдрийг жил бүр гуравдугаар сарын хоёр дахь бүтэн долоо хоногийн баасан гарагт тэмдэглэдэг уламжлал тогтсон байна.
Хүн бүхэн дунджаар амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрүүлдгийг эрдэмтэд тогтоосон. Нойр дутуу байснаас хүмүүсийн хошин шогийн мэдрэмж буурч, цухалдуу, зожиг болдог ажээ. Мөн ой санамж муудах, элдэв хууч өвчин сэдрэх шалтгаан ч болдог гэнэ. Удаан хугацаанд нойргүй байх нь яваандаа цус хуралт, зүрхний шигдээс, цусны даралт ихдэх ч аюулыг дагуулдаг гэмтэй гэнэ. Тиймээс л мэдээгээ “Унт бас дахин унт” гэж гарчигласан хэрэг. Насанд хүрсэн хүн хоногт 7-8 цаг, хүүхэд 10 цагаас багагүй унтах хэрэгтэйг эмч зөвлөж байна.
Д.ЦЭЭЛ