АНУ-ын бодит сонирхлыг Монголд бий болгоно

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

АНУ-ын бодит сонирхлыг Монголд бий болгоно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн АНУ-д энэ сарын 14-19-нд хийсэн албан ёсны айлчлалын талаар Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн нар мэдээлэл хийлээ.

Эхлээд сайд Г.Занданшатар мэдээлэл хийсэн юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-ын Сан-Франциско, Вашингтон, Нью-Йорк хотуудад айлчилж тус улсын Ерөнхийлөгч Б.Обама, дэд Ерөнхийлөгч Ж.Байдэн, Худалдааны сайд, Сенат, Конгрессийн гишүүд гээд олон хүнтэй уулзаж яриа хэлэлцээр хийжээ. Товчоор дүгнэхэд Монгол Улс-АНУ-ын харилцаанд шинэ хуудас нээж, хамтын ажиллагааны төвшинг ахиулахад чухал айлчлал болсон аж. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама, дэд Ерөнхийлөгч Ж.Байдэн, Төрийн нарийн бичгийн дарга Х.Клинтон нарыг Монголд айлчлахыг урьсан байна. Сенат, Конгрессийн гишүүдтэй уулзалт, чөлөөт ярилцлага өрнүүлж худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, соёл, боловсролын чиглэлээр хамтран ажиллаж оюутан солилцоог нэмэгдүүлэх чиглэлээр ярилцжээ. Ерөнхийлөгчийн айлчлалыг тохиолдуулж Сенатын гишүүдийн санаачлагаар Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Вашингтон хотноо хийсэн айлчлал АНУ, Монгол Улсын хооронд өсөн нэмэгдэж буй түншлэлийг  гүнзгийрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буй тухай АНУ-ын 112 дугаар Конгрессийн нэгдүгээр хуралдааны Сенатын 208 дугаар тогтоол гаргасан байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хоёр орны хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмэр, Монголын үндэсний эрх чөлөөний 100 жилийн ойд баяр хүргэсэн зэрэг агуулга бүхий тогтоолыг Сенат анх удаа гаргажээ. Б.Обама, Ц.Элбэгдорж нар хамтарсан мэдэгдэл гаргасныг сайд Г.Занданшатар онцолж байлаа. Зургадугаар сарын сүүл, долдугаар сарын эхээр Литвад болох Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн чуулганы даргын албан тушаалыг Монгол Улс хүлээн авахад АНУ бүх талын дэмжлэг үзүүлэхээ амлажээ.

АНУ 200-300 жилийн түүх туулж, иргэний дайн бусад олон бэрхшээл дундуур ардчилалд хүрсэн бол Монгол Улс 20-хон жилд түүнд хүрснийг америкчууд том амжилт хэмээн үнэлжээ. Америкийн бизнес эрхлэгчид Монголыг ихэд сонирхож буйгаа илэрхийлсэн байна. Иргэний агаарын тээврийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, “Боинг” компаниас онгоц худалдаж авах, чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн тамирчдыг АНУ-д хамтарсан бэлтгэл хийлгэх зэрэг асуудлыг шийдсэн гэлээ. Калифорни муж улсад 15 мянга, Сан-Франциско хотод таван мянга гаруй монголчууд амьдардаг тул Сан-Францискод Монголын Ерөнхий консулын газрыг нээжээ. Айлчлалын үеэр АНУ-ын Азийн нийгэмлэгээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид “Төрийн гарамгай зүтгэлтэн” шагнал гардуулжээ.

Монгол Улс энхийг сахиулах, терроризмтой тэмцэхэд чухал хувь нэмэр оруулдаг орон. Тэр утгаараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Волтер Рийдийн цэргийн эмнэлгээр орж, шархадсан дайчидтай уулзсан байна.

Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэн мэдээлэлдээ “Хоёр орон дипломат харилцаа тогтоогоод 25 жил болж байна. Энэ хооронд манай орон АНУ-аас тусламж дэмжлэг авч гурав дахь хөршөө гэж үзэж ирсэн. Одоо бол АНУ-ын бодит сонирхол, хөрөнгө оруулалтын сонирхлыг Монголд бий болгох талаар ярилцлаа. Сан-Францискод суугаа монголчуудтайгаа уулзаж эх хэл, соёл, уламжлалаа авч үлдэх, ням гариг бүрт монголчуудын уулзалт хийж монголоороо ярилцахын чухлыг хэллээ. Гадаадад удсан монголчууд эх хэлээрээ аялгатай ярьж, тэнд төрсөн хүүхдүүд эх хэлээ муу мэдэж байна. Эх хэл, соёл, уламжлал бол даяарчлалын үед монголчуудыг онцгойруулах зүйл юм гэдгийг ярилаа. GOOGLE компани, мэдээллийн технологи, эрчим хүчний салбарынхантай мөн уулзлаа. Цэвэр эрчим хүчний асудлаар ярилцаж нарны эрчим хүч гаргах, бусад оронд экспортлох талаар ярилцлаа” гэлээ.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж