Улсын драмын эрдмийн театраас төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын уран бүтээлчид болон ажилтнуудын мэргэжил ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Театр 2016” онол, практикийн сургалтыг энэ сарын 18-22-ны өдрүүдэд өөрийн байрандаа зохион байгуулах гэж байна. Энэхүү сургалтад УДБЭТ, ХЦДБЧ болон Дархан, Сэлэнгэ, Дундговь, Сүхбаатар, Ховд, Увс зэрэг 17 аймгийн 20-иод театр, чуулгын 140 гаруй уран бүтээлчид болон ажилтнууд хамрагдах юм. Энэхүү сургалтад Германы театрын мэргэжилтэн, доктор Фолкер Баллвег урилгаар ирж оролцож байгаа бөгөөд “Театрын удирдлага, менежмент”-ийн сургалтыг явуулах аж. Мөн “Найруулагч-Жүжигчин” сургалтыг УДЭТ-ын найруулагч УГЗ Ч.Найдандорж, “Театрын зураач-сценограф”-ийн сургалтыг УДЭТ-ын ерөнхий зураач СТА Т.Ганхуяг, “Театрын гэрлийн найруулга”-ын сургалтыг УДЭТ-ын гэрлийн найруулагч СТА Ц.Эрдэнэбат, “Театрын дууны найруулга”-ын сургалтыг УДЭТ-ын дууны найруулагч СТА Т.Ганхуяг нар удирдана.
МОНГОЛД ЗОЧИЛСОН ӨДРҮҮДЭД ҮР ДҮНТЭЙ БАЙНА ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА
Сургалтын нээлтийн үеэр ХБНГУ-ын театрын мэргэжилтэн доктор Фолкер Баллвегийн сэтгэгдлийг хүргэж байна. Тэрээр “Сайн байцгаана уу, мэргэжил нэгт анд нөхдүүд минь. Энэхүү танхимд цугларсан та бүхний ихэнх нь алс холын орон нутгаас ирсэн байна. Тиймээс та бүхэн надтай адил Улаанбаатар хотод тавтай морилно уу. Би өнөөдөр их баяртай байна. Яагаад гэхээр салбарынхаа мэргэжил нөхөд та бүхэнтэй уулзаад халуун дулаан яриа өрнүүлэх боломж олдлоо. Улаанбаатарт ирээд хэд хоногийг өнгөрүүллээ. Энэ хугацаанд нийслэлд байгаа театр, чуулгын уран бүтээлтэй танилцаад зогсохгүй орон нутагт зочилсон. Өнөөдрөөс эхлүүлэх гэж байгаа сургалтаа УДБЭТ-ын удирдлагуудад өмнө нь танилцуулсан. Мөн энэ хугацаанд театрт тоглогдсон “Ромео Жульетта”, “Кихот ноён”, “Эдип хаан”, “Нора” жүжгүүдийг үзэж, дуурийн театрын уран бүтээлийг сонирхлоо. Урлагийн уран бүтээлчдийг бэлтгэн гаргадаг соёл урлагийн их дээд сургуулийн үйл явцтай танилцсан минь үр дүнгээ өгсөн. Сэтгэгдэл маш өндөр байна. Театрын уран бүтээлд төр засгаас дэмжлэг үзүүлж байгааг сайшааж байна. Цирк болон Хүүхэлдэйн театрын үйл явцтай танилцлаа. Эндээс харахад соёлын өв, соёлын үйлчилгээг маш сайн бодлого гаргаж явах нь зүйтэй юм. Энэ нь ирээдүйд хамтын хүчин чармайлт гаргаж бодлого болгон хэрэгжүүлэх нь зөв гэж үзлээ. Эдгээр өдрүүдийн сургалтад зөвхөн би яриад зогсохгүй багш-шавь гэсэн илүү нээлттэй харилцаа үүснэ гэдэгт итгэж байна. Тиймээс сургалтад хамрагдаж буй та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа.” гэсэн юм.
ТЕАТРЫН ГАДААД ХАРИЛЦАА ӨРГӨЖӨӨД ЭХЭЛЛЭЭ
Улсын драмын эрдмийн театрын уран сайхны удирдагч, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.СУВД хэлэхдээ “Энэ жил Улсын драмын эрдмийн театрын 85 жилийн ой, Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 100 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд зохион байгуулж буй олон арга хэмжээний нэг бол “Театр 2016” онол, практикийн сургалт юм. Энэхүү сургалтад театрын найруулагчид чиглэл чиглэлээр сургалтаа явуулна. Мөн Германы театрын мэргэжилтэн, доктор Фолкер Баллвег урилгаар оролцож байна. Нийслэлийн театр, чуулган болон 17 аймгийн уран бүтээлчид, ажилчид нийлсэн 140 гаруй хүн хамрагдана. Өмнө нь цөөн хүнтэй тактик сургалтыг зохион байгуулж байсан. Тэгвэл энэ жилийн сургалт их өргөн хүрээтэй болж байна. Оролцогчдыг харж байхад алс холоос ч болов ихээхэн зүтгэл гаргаж хүрэлцэн ирлээ. Энэ нь бидэнд их чухал байсан. Театрын зүгээс уран бүтээлчдэдээ хийж буй оюуны хөрөнгө оруулалт юм. Орон нутгийн театр хүн хүч бага байдаг. Тэнд техник, технологийн шинэчлэлээс эхлээд бага байдаг ч гэлээ уран бүтээлчид сэтгэл зүрхээрээ тэмүүлэлтэй ажилладаг. Театрын зүгээс 2000 оноос эхлэн гадаадын уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байна. Өнгөрсөн онд Их Британийн алдарт “Globe” театрын уран бүтээлчид “ГАМЛЕТ” жүжгийг театрын тайзнаа тоглосон. Тэгвэл өнөөдөр Германы театрын мэргэжилтэн, доктор Фолкер Баллвегийн хүрэлцэн ирж нийслэл болон орон нутгийн театрын уран бүтээлтэй танилцаж, сургалт зохион байгуулж байгаа нь бидний гадаад харилцаа улам үр дүнтэй болж байгааг харуулж эхэллээ. Тиймээс энэ удаагийн сургалт үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байна.” гэсэн юм.
Улсын драмын эрдмийн театрт энэ сарын 18-22-ны өдрүүдэд “Театр 2016” онол, практикийн сургалтыг зохион байгуулна. Энэхүү сургалтыг Германы театрын мэргэжилтэн, доктор Фолкер Баллвег болон театрын найруулагч УГЗ Ч.Найдандорж, ерөнхий зураач СТА Т.Ганхуяг, найруулагч СТА Ц.Эрдэнэбат, найруулагч СТА Т.Ганхуяг нар удирдан явуулах юм байна.
Ч.БОЛОР