Лондонгийн олимп эхлэхэд 401 хоног үлдлээ

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

Лондонгийн олимп эхлэхэд 401 хоног үлдлээ

Зуны олимпийн ХХХ наадам 2012 оны долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 12-ны хооронд Британийн эзэнт гүрний нийслэл Лондон хотноо болно. Урьд нь 1908, 1948 онд олимпийн наадмыг хүлээж авсан Лондон ийнхүү түүхэнд гурван олимп зохион байгуулсан анхны хотоор үлдэх болоод байна.

ХХХ олимпийн төлөө хотуудын нэр дэвших хугацаа 2003 оны долдугаар сард өндөрлөхөд Кубын Хавана, Туркийн Истанбул, Германы Лайпциг, Английн Лондон, Испанийн Мадрид, Оросын Москва, АНУ-ын Нью-Йорк, Францын Парис, Бразилийн Рио-де-Жанейро гэсэн есөн хотоос мэдүүлэг ирээд байв. Хотуудын бичиг баримтад шалгалт хийж, орчин нөхцөлтэй нь танилцсаны үндсэн дээр 2004 оны тавдугаар сард тэдгээрээс тавыг нь жагсаалтад үлдээжээ. Европийн дөрвөн орны нийслэл дээр АНУ-ын Нью-Йорк үлдсэн бөгөөд тэднээс Парис, Лондонг хамгийн боломжтойд тооцож байлаа. Мадрид, Нью-Йоркийг дэмжигчид ч цөөнгүй болж ирэв. Ингээд 2005 оны додугаар сарын 6-нд Сингапурт хуралдсан Олон улсын олимпийн хорооны 117 дугаар чуулганаар ялагчийг тодрууллаа. Дөрвөн шат дамжин үргэлжилсэн санал хураалтаас эхлээд Москва, дараа нь Нью-Йорк, Мадрид хасагдсаар гол хоёр өрсөлдөгч тунан үлдлээ. Олимпийн аварга гүйгч Себастьян Коэгийн тэргүүлсэн Лондонгийн баг (Олимпийн зохион байгуулах хороо-LOCOG) шөвгийн “тулаан”-д 54:50-аар ялж тус хот гуравдахь удаагаа олимпийн наадмыг зохион байгуулах эрхтэй болсон юм.

Санал хураалтын дүн

Хот                I шат        II шат        III шат        IV шат
Лондон            22            27            39                54
Парис              21            25            33                50
Мадрид           20            32            31                 –
Нью-Йорк        19            16              –                  –
Москва            15              –              –                  –

Санхүүжилт

Англичууд олимпийн наадамд бэлтгэх үйл ажиллагааг тэр дороо эхлүүлж, төр засгийн дээд түвшинд хүртэл дэмжиж Олимпийн сайдын албан тушаалыг буй болгосон. Юуны түрүүнд санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцэв. Тэмцээн уралдааны барилга байгууламжийг шинээр барих, засварлах, Олимпийн паркийг босгоход үлэмж хөрөнгө шаардлагатай нь мэдээж. 2007 оны эхээр олимпийн сайд Тесса Жауэлл эдгээрт 5,3 тэрбум фунт стерлинг зарцуулна хэмээн зарлав. Мөн завины төрлийн тэмцээнүүд болох Ловер Леа Вэйлид 1,7 тэрбумыг тусдаа төсөвлөснийг дуулгажээ. Түүнчлэн болзошгүй бусад зардалд 2,7 тэрбум, аюулгүй ажиллагаа болон цагдаагийн зардалд 600 сая, нэмүү өртгийн татварт 800 сая, элит спорт болон паралимпийн спортын нөөц санхүүд ойролцоогоор 400 саяыг төсөвлөсөн билээ. Ингэснээр олимпийн наадам болон Зүүн Лондонгийн бүтээн босголтыг 9,345 тэрбум фунт стерлингийн (15,1 тэрбум ам.доллар) өртгөөр хийх тооцоо гарчээ. Харин наадамтай шууд холбоо бүхий 2 тэрбум фунтыг голчлон засаг төрөөс, мөн хувийн сектороос ивээн тэтгэлэг, бараа бүтээгдэхүүн борлуулах, тасалбар, телевизийн эрх замаар босгож байна.

Барилга байгууламж

Лондон-2012 олимп болон паралимпийн тэмцээн уралдааныг шинэ цэнгэлдэх хүрээлэн, спортын орднууд, түүхэн уламжлалт барилгууд, түр байгууламж болон Хайд парк, Морьт харуулын жагсаал зэрэг олны танил газруудад хольж явуулна. 80 мянган хүний суудалтай Олимпийн стадионыг Зүүн Лондонгийн Стратфорд дүүрэгт барилаа. Түүний дэргэд Олимпийн паркийн ажил ид дундаа явна. Маш өндөр өртгөөр боссон шинэ Уэмбли цэнгэлдэхэд хөлбөмбөгийн гол тоглолтууд явагдана. Ерөнхийдөө Лондонд болох тэмцээний барилга байгууламжийг Олимпийн бүс, Голын бүс, Хотын төвийн бүс хэмээн ангилж болох мэт. Олимпийн паркаас 200 км-ийн алсад орших Уэймут, Портлэндийн завины академи зэрэг Лондонгоос гаднах байгууламж ч бий. Хөлбөмбөгийн хэсгийн урьдчилсан тоглолтууд Британи даяар явагдах билээ.

Нийтийн тээвэр

Лондонг олимпод анх нэр дэвших үеэр тэдний хамгийн сул талын нэг нь энэ байлаа. Тээврийн албаныхан үүнд сайтар анхаарал тавьж, Зүүн Лондонгийн газар дээгүүрх метрог шинээр тавьж, Доклэндийн хөнгөн галт тэрэг болон Хойт Лондонгийн метрог сайжруулжээ. Японы “Хитачи”-гийн загвараар “Жад” хэмээх шинэ хурдан галт тэргийг үйлчилгээнд оруулаад байна. Түүнчлэн 25 сая фунтын өртгөөр Теймс голыг хөндлөн туулах гатлага онгоцыг барьж байна. Ингэснээр Гринвичийн хойгоос Доклэнд рүү Теймс голоор нэг цагт 2500 хүртэл тооны зорчигч саадгүй аялах боломж бүрдэнэ. Олимпийн сагсан бөмбөг, гимнастикийн тэмцээн болох О2 arena-гаас олимпийн буудлага, жүдо, бөх, боксын тэмцээн болох ExCel ордон руу очихдоо одоогийнхоос илүү богино хугацаанд хүрнэ. Анх олимпийн үйлчилгээнд том оврын автобусыг тун цөөнөөр хэрэглэнэ гэж байсан ч энэ бодлоо өөрчилсөн тухай саяхнаас дуулдах боллоо. Тамирчдын 80%-ийг Олимпийн тосгоноос тэмцээний газартаа очиход 20 минутаас бага хугацаа зарцуулахаар төлөвлөсөн. Тосгон руу метро, галт тэрэгний 10 шугам ирж очих бөгөөд цагт 240 мянган зорчигч тээвэрлэх боломжтой аж. Түүнчлэн Олимпийн парк руу зорчигчдыг түгжрээ бөглөрөөгүй тээвэрлэх олон янзын төлөвлөгөө бий гэнэ. Харин Британи орондоо сүүлчийн гурван олимпоос хамгийн олон медаль хайрласан завины төрлийн тэмцээнүүд рүү зорчиход бага зэргийн хүндрэл үүсч магадгүй юм. Тийш шууд очих хурдны зам үгүй, дээрээс нь зэргэлдээх Саутхэмптон хүртэлх төмөр замд шинэчлэл хийхгүй, жуулчдын хөдөлгөөн их учраас тийм байдал үүсч болох нь.

Хамтрагчид

Лондон-2012 олимпийн наадмыг амжилттай зохион байгуулахад ивээн тэтгэгч, хамтрагчдын оролцоо их. Дотоодын тэргүүн зэргийн түншлэлийг долоон компанитай (Adidas, BMW, Бритиш Петролиум, Бритиш Эйрвэйз, Бритиш Телеком, EDF Energy, Lloyds TSB банк), удаах түншлэлийг мөн долоон компанитай (Adecco, Arcelor Mittal, Cadbury, Cisco, Deloitte, Thomas Cook Group, UPS) байгуулан ажилдаа ороод байна. Гуравдахь ангиллын гэрээг дотоодын 25 бэлтгэн нийлүүлэгчидтэй хийсний дунд галт тэрэгний Eurostar, эм бэлдмэлийн GSK, шар айрагны Heineken UK, зочид буудлын Holiday Inn, хувцасны John Lewis, Next, спортын зам талбай, хэрэглэлийн Mondo, Technogym, уул уурхайн Rio Tinto зэрэг нэртэй компаниуд багтжээ. Мөн Олон улсын олимпийн хороотой урт хугацааны гэрээ байгуулан хамтран ажилладаг дэлхийн хэмжээний 11 компани (Coca Cola, Acer, Atos Origin, Dow Chemical Company, GE, McDonald’s, Omega, Panasonic, Procter and Gamble, Samsung, Visa) үүн дээр нэмэгдэнэ.

Тасалбар

Зохион байгуулагчид Олимпийн наадамд ойролцоогоор 8 сая, паралимпийн наадамд 1,5 сая орчим тасалбар гаргахаар тооцоолжээ. 2011 оны гуравдугаар сарын 15-наас дөрөвдүгээр сарын 26 хүртэлх хугацаанд эхний ээлжийн тасалбар захиалга явагдсан. Хамгийн хямд тасалбар 20 фунт стерлингийнх (ойролцоогоор 41000 төгрөг) бол үнэтэй нь 2012 фунтээр (4,1 сая төгрөг) зарагдах нээлтийн ажиллагааны зарим суудал. Зарим төрөлд захиалгын тоо хэтэрсэн учраас сугалааны журмаар азтаныг тодруулж хуваарилна гэдгээ зохион байгуулагчид ярьжээ. Энэ оны төгсгөлөөр сүүлчийн 1 сая орчим тасалбарыг худалдаанд гаргах юм.Урьдчилсан тооцоогоор олимпийн тасалбарын 82%, паралимпийн тасалбарын 63%-ийг борлуулж 375-400 сая фунтын орлого олно хэмээн LOCOG үзэж байна.

Лого-таних тэмдэг

Анх нэр дэвших явцдаа хэрэглэж байсан логог 2007 онд Вольфф Олинсийн загвараар шинэчилж, 2012 хэмээх тоог товойлгон харуулж, тэгийн дотор нь олимпийн таван цагаригийг багтаажээ. Паралимпийнх яг ийм загвартай ч өнгө нь өөр. Түүхэнд анх удаа олимп, паралимпийн логог адилхан загвартай хийсэн нь энэ юм. Үндсэн өнгө нь ногоон, ягаан, улбар шар, хөх боловч ивээн тэтгэгчдийн хэрэглээнд арай өөр өнгөөр ашиглаж болох аж.

Бэлгэдэл

Лондон-2012 олимпийн албан ёсны билэгдлийг 2010 оны тавдугаар сарын 19-нд анх олон нийтэд танилцуулсан билээ. Венлок, Мейндвиль хоёр бол Болтоны төмөрлөгийн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг бэлгэдсэн гангийн дуслууд. Сүүлийн үед иймэрхүү хийсвэр дүрс зонхилох болж дээ. Англид орчин цагийн олимп болон паралимпийн анхдагч болсонтой холбогдуулан Венлок, Мейндвиль хэмээх алдрыг билэгдэлдээ хайрлажээ.

Оролцох орнууд

Олимпийн наадамд 204 орны Үндэсний олимпийн хороод 10500 орчим тамирчинтайгаар оролцох төлөвтэй. Гагцхүү дотоодын зөрчлийн улмаас ОУОХ-ноос эрхээ хасуулаад буй Нидерландын Антилийн ҮОХ Лондонд очихгүй байх. Харин тэдний тамирчид эрхээ биелүүлвэл ОУОХ-ны тугийн дор олимпод оролцож болно. 2011 оны зургадугаар сарын 13-ны байдлаар 112 орноос дор хаяхад нэг тамирчин (нийт 849) олимпийн эрхээ аваад байна.

Спортын төрлүүд

Лондон-2012 олимпийн хөтөлбөрт спортын 26 төрөл (302 иж медалийн төлөө), паралимпийн эгнээнд 20 төрөл тус тус багтаж байна. Өмнөх олимпод багтсан төрлүүдээс бейсбол, софтболыг хасах саналыг ОУОХ одоогоос долоон жилийн өмнө гаргасан юм. Харин боксын эмэгтэйчүүдийн төрлийг анх удаа олимпод багтааж, гурван жинд өрсөлдүүлэхээр шийдвэрлэсэн. Олимпийн хөтөлбөрт багтсан төрлүүдийг иж медалийн тооны хамт танилцуулья:

Байт харваа-4, Хөнгөн атлетик-47, Бадминтон-5, Сагсан бөмбөг-2, Бокс-13, Каноэ-16, Дугуй-18 (уулын дугуй, трекийн дугуй, BMX-ийн хамт), Морин спорт-6, Туялзуур сэлэм-10, Талбайн хоккей-2, Хөлбөмбөг-2, Гимнастик-18 (спортын, уран сайхны гимнастик, трамплин ороод), Гандбол-2, Жүдо-14, Орчин үеийн таван төрөлт-2, Сэлүүрт завь-14, Далбаат завь-10, Буудлага-15, Усан спорт-46 (усанд сэлэлт, үсрэлт, уран сайхны сэлэлт, усны бөмбөг ороод), Ширээний теннис-4, Тэквондо-8, Теннис-5, Триатлон-2, Волейбол-4, Хүндийг өргөлт-15, Бөхийн төрлүүд-18.

Наадмын уриа-Live as one

Оролцох орон-112 (эрх авсан), 204 (боломжит)

Тамирчид-849 (эрх авсан), 10500 (боломжит)

Төрөл, ангилал-26 спортын 302 төрөл зай

Нээлтийн ажиллагаа-VII сарын 27

Хаалтын ажиллагаа-VIII сарын 12

Цэнгэлдэх-Olympic Stadium (Зүүн Лондон)

Б.Цагаанбаатар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж