НЭМЭЛТ: 13.30 цаг.
Казахстаны Астана хотын “Даулет” спортын цогцолборт чөлөөт бөхийн олимпийн эрх олгох Ази тивийн сонгон шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ. Энэ өдөр манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Э.Сумъяа барилдаж байна. Тэрээр эхний тойрогт БНСУ-ын бөхийг хожиж, дараагийн тойрогт Энэтхэгийн Б.Кумаритай барилдахаар боллоо. Энэтхэг бөхийн хувьд 2012 оны Дэлхийн аваргын хүрэл, 2013 оны Азийн аваргын хүрэл, Хамтын нөхөрлөлийн гишүүн орнуудын тэмцээний алт, мөнгөтэй тамирчин юм.
Барилдааныг http://livestream.com шууд үзэх боломжтой.
НЭМЭЛТ: 11.30 цаг.
Эмэгтэй 53 кг-ын жинд нийт найман бөх барилдах юм. ДАШТ-ий мөнгөн медаль Э.Сумъяа эхний тойрогт БНСУ-ын бөхтэй оноолт таарчээ.
Казахстаны Астана хотын “Даулет” спортын цогцолборт чөлөөт бөхийн олимпийн эрх олгох Ази тивийн сонгон шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ. Тус тэмцээнд тивийн 26 орны баг тамирчид өрсөлдөхөөр Астанад цуглараад байна.
Манай улсаас чөлөөт бөхийн эрэгтэй хоёр, эмэгтэй дөрвөн тамирчин олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө. Энэ тэмцээнээс жин бүрт эхний 2 байрт шалгарсан бөхчүүд Бразил зорих эрхээ авах юм. Манай тамирчдаас тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр эмэгтэй 53 кг-ын жинд ОУХМ Э.Сумъяа дэвжээнд гарна. Түүний хувьд манай тамирчдын салхийг хагалж байна. Тэмцээний хоёрдахь өдөр буюу маргааш эрэгтэй 97 кг-д Д.Хүдэртулга, эмэгтэй 58 кг-д П.Орхон, 75 кг-д Б.Одончимэг нар дэвжээнд гарна.
Өнөөдөр барилдах Д.Сумъяагийн барилдааны мэдээллийг нэмэлтээр хүргэнэ.
ШУУД ҮЗЭХ: https://unitedworldwrestling.org
Тамирчдын хуваарийг танилцуулья:
Эрэгтэй:
III.20 – 86 кг: О.Үйтүмэн
III.19 – 97 кг: Д.Хүдэрбулга
Эмэгтэй:
III.20 – 48 кг: Э.Нарангэрэл
III.18- 53 кг: Э.Сумьяа
III.19 – 58 кг: П.Орхон
III.19 – 75 кг: Б.Одончимэг
Манай чөлөөт бөхийн тамирчид өнгөрсөн жил АНУ-ын Лас-Вегас хотод болсон ДАШТ-ээс эрэгтэй 4, эмэгтэй 2 жинд нийт 6 олимпийн эрх авсан билээ. Тиймээс Казахстанд үлдсэн зургаан эрхийн төлөө өрсөлдөх гэж байна.
Ч.БОЛОР