…Өнөрөө багш “Монголын нууц товчоо”-ны бөртө чоно бол саарал чоно, хоо марал нь “хоо-” язгуураас гаралтай хонгор зүсмийн буга гэсэн үг гэж хуучилж билээ. Үүнийг Иссыкуль нуурын хөвөөн дэх Тынаев Мамбэт гэх хоньчин манай Зундуйн Дорж гуайд Монгол, Киргиз хоёр бөртө толбот чоно, ухаа марлаас үүссэн үндэстэн юм шүү дээ гэж ярьсан нь батлах мэт. Номын багш минь хэн хүний гайхаж байдаг өөр нэгэн сонинг хэрхэн хуучилсныг танд товч хүргэе. “Дува сохорын өрөөсөн нүд нь л сохор болохоос ганц нүдтэй хүн биш. Ганц нүдээрээ гурван нүүдлийн газрыг биш гурван нүүрт газрыг хардаг юм. Гурван нүүрт гэдэг нь алсаас ирэх хүнийг баримжаалан таньж болох газраас гурвантаа холыг хэлдэг.” гэсэн юм.
Тэгэхээр Дува сохорыг цохондоо ганц нүдтэй эртний Энэтхэгийн Махешвар бурхантай зүйрлэж байсан нь андуу хэрэг боллоо. Сонирхуулахад бид бурхадын магнайн нүд буюу цохондох ганц нүдийг нэрлэдэг самгард хэлний лалтанэтра хэмээх үгийг монгол бичгээр “лалар” хэмээгээд, ярианы хэлэнд лалрын амьтан, хар лалар гэсэн хараалын муухай үг болгож хэрэглэдэг.” гэсэн юм.
“Егөөтэй 99 тайлбар” номын “Гүег хаан Руслан, Людмила нарын хүү болсон нь” өгүүллийн хэсгээс