Хүн ертөнц: Алехандро Гонсалес Иньярриту

Хуучирсан мэдээ: 2016.03.17-нд нийтлэгдсэн

Хүн ертөнц: Алехандро Гонсалес Иньярриту

Түрүү жилийн Оскарын 87 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын ажиллагаанаас Мексикийн найруулагч Алехандро Гонсалес Иньярритугийн “Хүн шувуу” (Birdman, 2014) бүтээл шилдэг кино, шилдэг зураглаач, шилдэг эх зохиол гэсэн гурван төрөлд, найруулагч Иньярриту өөрөө шилдэг найруулагч төрөлд Оскар гардан авсанаар Мексикийн кино урлагийн нэгэн том од Холливудад амжилтаа гайхуулсан гялалзав аа. Энэ жил тэрээр “Үхлээс амилагч” (Revenant) киногоороо ахин шилдэг найруулагч төрөлд Оскар гардан авч хоёр жил дараалан уг шагналыг хүртсэн ховорхон амжилтын эзэн болов.

“Үхлээс амилагч” киног хийж байх явц

Өдгөө 52 настай Алехандро Гонсалес Иньярриту кино карьерынхаа түүхэнд ердөө зургаан бүрэн хэмжээний кино хийсэн бөгөөд түүний бусад уран бүтээлүүд Оскарын шагналын дуулианаар үзэгчдийн анхаарлын төвд ид ороод буй “Хүн шувуу”, “Үхлээс амилагч” кинонуудаас арга барил, хийц, хэллэгийн хувьд эрс өөр.

Алехандро Гонсалес Иньярриту каннын кино наадмаас шилдэг найруулагчийн шагнал хүртсэн анхны, Оскарын шагналыг Альфонсо Куороны дараа энэ төрөлд хүртсэн хоёр дахь мексик найруулагч болоод байна. Түрүү жилийн Оскарын дөрвөн гол шагналыг хамсан “Хүн шувуу”, энэ жилийн шилдэг найруулагч шагналыг авчирсан “Үхлээс амилагч” кинонууд түүний оргил бүтээл гэхээс илүүтэй уран бүтээлчийн сонирхолтой шилжилт байсан гэж дүгнэвэл урт нэртэй энэхүү Мексик эрийн бүтээхүйн ертөнц руу лавхан шагайгаад үзвэл бид огт өөрийг, тун сониныг нээж мэдэх юм.

Дүрүүдийн хурц сэтгэл зүй, зэрэгцэн хөврөх хүүрнэлийг эмхэрдэн хураах нэг зангилаат тайлал, түгшингүй зүрхний цохилт шиг жигтэй, амьд хэмнэл бүхий сэтгэл өвтгөм драм төрлийн өмнөх дөрвөн бүтээлээрээ тэрбээр дэлхийн кино урлагт “Иньярриту” гэх өвөрмөц шошгыг тамгалсан билээ.

Алехандро Гонсалес Иньярриту 1963 онд Мексик улсын Мехико хотод айлын долоон хүүхдийн отгон нь болон мэндэлжээ. Олон хүүхэдтэй, дундаж амжиргаатай айлын жишгээр ах, эгч нартайгаа бужигнан өссөн Иньярритуг 17 нас хүрмэгц аав нь түүнд цуглуулсан 1000 доллараа бэлэглэсэн нь отгон хүүгээ эрхлүүлэх бус эрийн цээнд хүргэсэн гайхалтай явдал байв. Учир нь хүү бэлгийн мөнгөө халааслаад төрсөн гэрээ орхин ачааны усан онгоцны багт нэгдэн Европ, Африк тивээр хоёр жилийн турш аялжээ.

үргэлжлэл: tegsheemoviecorner.wordpress.com

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж