Дэвшилтэт технологи нэвтрүүлэх боломжтой

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

Дэвшилтэт технологи нэвтрүүлэх боломжтой

Төрийн өмчийн хорооны Төр, хувийн хэвшлийн түншлэл, кон­цессын газрын дарга Б.Заяабалтай ярилцлаа.

-Манай улсад төр, хувийн хэвшлийн түншлэл, тухайлбал эрчим хүчний салбарт ямархуу явж байгаа вэ?

-Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого, Концессын тухай хууль батлагдсанаас хойш шаардлагатай журмуудыг боловсруулж батлуулах, төр, хувийн хэвшлийн түншлэл, түүнийг Монголын хууль эрх зүйн орчинд хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй ойлголт өгөх гарын авлага гаргах, холбогдох яамд, агентлаг, орон нутгийн төрийн албан хаагчид, мөн хувийн хэвшлийнхэнд энэ талаар сургалт хийж чадавхыг нь бэхжүүлэх зэргээр ажиллаж ирсэн. Одоогийн байдлаар гурван төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг зарласан, сонгон шалгаруулах үйл ажиллагаа явагдаж байгаа. Манай хамгийн анхны концессын гэрээг эрчим хүчний салбарт хийнэ. Тухайлбал, Могойн голын дулааны цахилгаан станцыг барих-ашиглах-шилжүүлэх нөхцө­­­лөөр байгуулсныг хэлмээр байна. Цаана нь концессын зүйлийн жагсаалтад эрчим хүчний салбарын 15 төсөл байгаа.Монголын эдийн засаг хурдацтай өсөж байгаагийн хэрээр цаашид эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлтийн эрэлт эрс нэмэгдэж, холбогдох төслүүдийг цаг алдалгүй хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлагатай тулгарч байна.

-Эрчим хүчний салбарт төсвийн хөрөнгө оруулалтаар биш төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх нь ямар ач холбогдолтой юм бол

-Монгол шиг хөгжлийнхөө гараан дээр байгаа улсад хязгаарлагдмал нөөц баялгаа хэзээ, юунд, яаж зарцуулах талаар зөв шийдвэр гаргах нь чухал ач холбогдолтой. Эрчим хүчний салбар, дэд бүтцийн салбарын төслүүд маш их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг ашигласнаар татварыг нэмэх, бусад төслийн хөрөнгө оруулалтыг бууруулах зэрэг арга хэмжээг авахгүйгээр төсвийн ачааллыг багасгаж, эдгээр чухал ач холбогдолтой төслүүдийг хэрэгжүүлж эхлэх, ард иргэдийн хувьд эрчим хүч, дэд бүтцийн байгууламжуудын үр ашгийг илүү эрт хүртэх, үр ашигтай, чанартай үйлчилгээ авах гэх мэтчилэн олон талын ач холбогдолтой юм. Гадаад орнуудын туршлагаас харахад эрчим хүчний үйлдвэрлэлээс гадна эрчим хүчний хэмнэлт, үр ашигтай зарцуулалт, “ногоон” хөрөнгө оруулалтад чиглэсэн түншлэлийг ихээхэн дэмжиж байна.

-Гадаадын улс орнуудын туршлагын талаар ярихгүй юу?

-Хамгийн их туршлагатайд Англи, Солонгос, Испани, Австрали, АНУ, Унгар, Япон, Итали, Португали, Канад гэх мэт орон тооцогддог. Турк улс гэхэд нийт 68 төсөл хэрэгжүүлснээс 30-ыг нь эрчим хүчний салбарт хэрэгжүүлсэн жишээ байна. Чили улсад ийм түншлэлийг эрчим хүчний салбарын хөгжилд амжилттайгаар ашигласан. Хөгжиж байгаа орнуудаас бол Индонезид 1990-2006 онд 13 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг эрчим хүчний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлээр дамжуулан оруулжээ. Эрчим хүчний салбарт ийм байдлаар хэрэгжүүлсэн ихэнх төсөл грийнфилд буюу шинээр барих төслүүд байдаг.

-Тэгвэл төр, хувийн хэвшлээр хэрэгжүүлсэн эрчим хүчний төслийн жишээ байна уу?

-Английн туршлагыг судлахад хог хаягдал боловсруулж эрчим хүч гаргах олон төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар амжилттай хэрэгжүүлсэн байдаг. Одоо ч гэсэн энэ чиглэлээр тендерүүд ихээхэн зарладаг юм билээ. Хөгжиж байгаа орны нэг жишээ бол Бангладешийн Мегнагат эрчим хүчний станцын төсөл байна. Барих-өмчлөх-ашиглах концессын төрлөөр 289.6 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 2002 онд хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулан ажиллаж байгаа, эдийн засгийн ашигтай, байгаль орчинд халгүй, удирдлага зохион байгуулалт сайтай явагдсан маш сайн төслийн жишээ юм.

-Манай эрчим хүчний салбарт түншлэлийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд ямар арга хэмжээг авах шаардлагатай байна вэ?

-Төрийн өмчийн хорооноос Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран концессын зүйлийн жагсаалтад орсон төслүүдэд урьдчилсан үнэлгээ явуулахад өөрийн өртгөө нөхөж, ашиг олох боломж багатай төслүүд нэлээд байсан. Зохих хэмжээнд төсвийн санхүүгийн дэмжлэг, баталгаа өгвөл улс орны хувьд нэн тэргүүний ач холбогдолтой эдгээр төсөлд хувийн хэвшлийг татаж, хэрэгжүүлэх бүрэн боломжтой байгаа. Эрчим хүчний салбарын төслүүдийн хувьд амжилттай хэрэгжүүлэхийн тулд түүхий эд, материалын нийлүүлэлт, бүтээгдэхүүний худалдан авалтын гэрээг индексжүүлсэн үнээр урт хугацаанд тогтвортой байгуулах, орлогын доод хэмжээнд баталгаа өгөх гэх мэт бусад олон аргыг хэрэглэж болох юм.Мөн түүнчлэн концессын гэрээг хэдий сайтар бэлтгэж байгуулсан ч хэрэгжүүлэх орчин нь бүрдээгүй бол тухайн төслийг хэрэгжүүлэх зорилгодоо хүрэхэд бэрхшээлтэй байдгийг харгалзан эрчим хүчний салбарын зохицуулалтыг сайтар бодолцож үзэх шаардлагатай байна.

-Хамгийн ойрын үед тус салбарт болон бусад салбарт хэрэгжүүлэх ямар ажлууд байна вэ?

-Эрчим хүчний салбарт Тавантолгойн цахилгаан станц, Дулааны 5-р цахилгаан станц болон нэлээд хэдэн дамжуулах шугам тавих ажлуудыг эхлүүлнэ. Мөн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх зам, шинээр барих нисэх буудлын хурдны зам тавих төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллана.Мэдээж концессын зүйлийн жагсаалтад орсон боловсрол, байгаль орчин, эрүүл мэндийн чиглэлийн төслүүдийг ч хэрэгжүүлж эхэлнэ. Эрчим хүчний салбар гэхээр зөвхөн дулааны цахилгаан станц, дамжуулах шугам гэж ойлгож болохгүй, олон улсын жишгээр сэргээгдэх эрчим хүч, хог хаягдал боловсруулж эрчим хүч гаргах гэх мэт дэвшилт технологийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр дамжуулж Монголд нэвтрүүлэх өргөн боломж байгаа гэдгийг онцлон хэлмээр байна.

Зохиогчийн эрх: “Mongolian economy” сэтгүүл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж