Цуст дайнаас хойш 70 жил өнгөрчээ

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

Цуст дайнаас хойш 70 жил өнгөрчээ

Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан Орос болон бусад улсууд түүхэн дэх хар өдрүүд болох Гитлерийн довтолгооны 70 жилийн ойг тэмдэглэж байна. Германы талаас урьдчилан анхааруулсаар байсан дайралтыг Сталин мэдсээр байж тоогоогүй өнгөрөөсөн нь тайлагдаагүй түүх болж үлдсэн. Тухайн үед Зөвлөлтийн арми Нацистуудын хүчний өмнөөс тулалдаж чадахааргүй сул байсан гэдэг. Харин дэлхийн хоёрдугаар дайны цуст талбар дээр амиа хайрлалгүй тулалдаж явсан Оросын ахмад дайчин Арсен Мартиросян тухайн үеийн нөхцөл байдлын талаар “Комсомольская Правда” сонинд ярилцлага өгч, болсон бодит үнэнийг дэлгэн өгүүлжээ. ЗХУ-ын тагнуулын газар Германыг довтлохоос өмнө болзошгүй халдлагын талаар 47 удаа мэдээлж байсан байна.

Москва Нацистуудын довтолгооны төлөвлөгөөг 1941 оны тавдугаар сард Гитлер Сталинд захидал илгээхэд л мэдсэн юм биш, аль 1935 онд урьдчилан мэдэж, дайралтанд бэлэн байсан. Гэхдээ л тухайн үед Сталин “Молотов Риббентроп”-ийн харилцан үл довтлолцох гэрээг баримталсаар байсан аж.

Гитлер 1941 оны зургадугаар сарын 15-аас 20-ны хооронд Герман, Зөвлөлтийн хилээс баруун тийш армиа шилжүүлэн байрлуулах тухай Сталины төлөвлөгөөг мэдэж байсан байна. Зөвлөлтийн цэргүүд зургадугаар сарын нэгнээс 10-ны хооронд дайсны талын 108 тагнуулыг олзолсон бол түүнээс хойш дайралтаас өмнө дахин 200 гаруй хүнийг барьж, удахгүй болох довтолгооны талаар олж мэджээ. Гэсэн ч Зөвлөлтийн хилийн цэргүүд Германы тагнуулуудаас олж мэдсэнээ ихэнхийг нь чихнийхээ хажуугаар өнгөрөөсөн байна.

Зургадугаар сарын 14-нд Беларусын хил дээр байсан цэргүүд Москва руу ээлж солихоор явах үедээ мөн л олзны цэргүүдээс дайралт болох өдрийг тодорхой олж мэдсэн. Түүнчлэн хил орчмоор урсдаг голын цаад талаас Польш эмэгтэйчүүд хашгиралдан, Оросуудаа дайн нэг долоо хоногийн дараа болох гэж байна хэмээн анхааруулж байжээ. Тэр байтугай өмнөдөөс хойд чиглэлд нисч ирсэн нэгэн нисгэгч “баруун хил дээр танк, ачааны машинтай, иж бүрэн зэвсэглэсэн цэргүүд байна” хэмээн анхааруулга өгсөн гэдэг. Гэвч энэ бүгдийг Сталин тэргүүтэй Зөвлөлт тоосонгүй. Улмаар 1941 оны зургадугаар сарын 22-нд гурван сая цэрэг, 3,800 танк, 4,800 их буу, 1,500 нисэх онгоц бүхий Нацистуудын армийн дайралт эхэлж, хэдэн өдөр үргэлжилснээр хоёрдугаар дайны шинэ үеийг эхлүүлж, Зөвлөлтийн армийн 20 сая гаруй эрэлхэг хөвгүүд дайны хар мөрт амиа алдсан гашуун явдал болж, түүхэнд тэмдэглэгджээ.

Ахмад дайчны үзэж байгаагаар тухайн үед Сталин үл довтлолцох тухай гэрээг дагасаар эргэлзээ, тодорхой бус байдалд автаж, шийдэмгий алхам хийж чадаагүй боловуу гэсэн таамаг байдаг тухайгаа хэлжээ. Энэ бүгдийг дэлгэрэнгүй өгүүлсэн Зөвлөлтийн ахмад дайчин Мартиросян нь КГБ-ийн агент байсан төдийгүй Сталины тухай хоёр зуун домог, Зөвлөлтийн эсрэг Британийн тагнуулын Маршалын хуйвалдаан зэрэг бүтээлүүдийг бичсэн хүн юм.

Б.Энх

Зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж