Залуу манлайлагчид “iLoveMe” төсөл хэрэгжүүлж байна

Хуучирсан мэдээ: 2016.03.17-нд нийтлэгдсэн

Залуу манлайлагчид “iLoveMe” төсөл хэрэгжүүлж байна

Зориг сангаас 13 дахь жилдээ хэрэгжүүлж буй “Залуу манлайлал хөтөлбөр”-ийн “BEST” баг нийгэмд ээлтэй “iLoveMe” төслийг Хавдартай тэмцэх дэлхийн өдөр буюу хоёрдугаар сарын 4-өөс эхлэн гурван сарын хугацаатайгаар хэрэгжүүлж байна.

Хүмүүс бид “Би чамдаа хайртай” гэж хайртай хүндээ, үр хүүхэддээ, гэр бүл, найз нөхөддөө хэлдэг ч “Би өөртөө хайртай” гэж хэлдэг билүү? Та өөрийгөө хайрлаж байна уу?

Монгол улсад сүүлийн жилүүдэд хамгийн их газар авч байгаа өвчний нэг нь хавдар юм. Хавдар нь амьдралын буруу хэв маяг, хорт зуршил, агаарын бохирдол, экологийн тэнцвэргүй байдал, эм бэлдмэл, химийн гаралтай хүнсний бүтээгдэхүүн зэргээс шалтгаалан үүсдэг байна. Харин хавдрын өвчлөлтийг багасгахын тулд хүн бүр урьдчилан сэргийлэх аргуудыг мөрдөж, өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал тавьж, өөртөө хайртай байх хэрэгтэй.

Иймд Зориг сангийн “Залуу манлайлал хөтөлбөр”-ийн залуус уг төслийнхөө хүрээнд нийгмийн сүлжээг бүтээлчээр ашиглан хавдраас урьдчилан сэргийлэх арга замуудыг энгийн, ойлгомжтойгоор тайлбарласан цуврал инфографикууд, хорт хавдартай хүмүүсийн бусаддаа анхааруулсан сургамж бүхий ярилцлага, баримтат нэвтрүүлэг зэргийг цувралаар бэлтгэн гаргахаар боллоо.

Цуврал мэдээллийн хамгийн анхны бүтээл болох "Хорт хавдраас урьдчилан сэргийлэх 10 арга» инфографик өнөөдөр та бүхэнд хүрэх болно. Долоо хоногийн Пүрэв гараг бүр эрүүл мэндийн цуврал инфографикаа www.news.mn –ээс уншаарай.

Мөн “iLoveMe” төслийн хүрээнд хорт хавдрыг сэтгэлийн тэнхээ, хичээл зүтгэлээрээ даван туулсан хүний амьдралаас сэдэвлэн бүтээсэн богино хэмжээний киног 4-р сарын эхээр үзэгч олны хүртээл болгохоор төлөвлөжээ.

Төслийн үр дүнд Хавдар судладын үндэсний төвд нэн шаардлагатай байгаа хүүхдийн яаралтай тусламжийн хайрцаг, утлагын аппарат, хими эмчилгээний ор зэрэг эд материалын зүйлийг хандивлахаар болжээ.

Ийнхүү Монголын ирээдүй болсон залуус эрүүл Монгол хүний төлөө, эрүүл ирээдүйн төлөө “Өөртөө хайртай” байхыг уриалж байна.

“iLoveMe” төслийн багтай хамтран ажиллахыг хүсвэл “iLoveMe” фэйсбүүк хуудас мөн 99058005, 89047500 утсаар холбогдох боломжтой.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж