“Матадын 8 дугаар морьт дивиз” хэмээн алдаршсан Зэвсэгт хүчний 186 дугаар анги нь БНМАУ-ын Маршал Г.Дэмидийн санаачилгаар 1936 онд Дорнод аймгийн Матад сумын нутагт тулгын чулуугаа тулснаас хойш 80 жилийн түүхт ойтойгоо золгож байна. Зэвсэгт хүчний 186 дугаар анги нь 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайд оролцож, баатарлаг гарамгай гавьяа байгуулан, эгнээнээсээ 4 баатар төрүүлсэн дайчин замналтай билээ. Алдар түүхт ангийнхаа хойчийг залгамжлан, үйл хэргийг нь үргэлжлүүлж яваа та бүхэн төр засаг, БХЯ, ЗХЖШ-ын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, даян дэлхийд энхийг сахиулах эрхэм үйлст хүчин зүтгэж, аймаг орон нутгийн хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцон олон арван амжилт бүтээлээр түүхт ойтойгоо золгож байгаад УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон баярын мэндчилгээ илгээсэн юм. Тэрээр мэндчилгээндээ өнөөгийн ангийн өнгө төрх, амжилт бүтээл нь үе, үеийн удирдлагууд, ахмад дайчид, одоо ажиллаж байгаа нийт бие бүрэлдэхүүний хүч хөдөлмөр, сэтгэл зүтгэлийн үр дүн гэдгийг онцолсон байна. Өнөөдөр Зэвсэгт хүчний 186 дугаар ангийнхан орон нутагтаа цэргийн ёслолын жагсаал, гардан тулааны үзүүлэх тоглолт, баярын хурал хийнэ. Энэхүү баярын хэмжээнд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар оролцож байна.
ЭХ СУРВАЛЖ: БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ