Ардчилсан нам байгуулагдсаны 25 жилийн ой дээрээ тус намын дарга З.Энхболд фракцигүй нам болсноо зарласнаас хойш жил болж байна. Фракциа халахын тулд Бодлогын зөвлөл гэгчийг байгуулсан. Гэвч АН-ынхан даргынхаа хэлсэн фракцигүй нам болох амлалтыг нь арай өөрөөр хэрэгжүүлээд эхэлчихэв үү?
УИХ-ын гишүүн Г.Батхүү “МоаН” фракц байгуулж, үйл ажиллагаагаа ч идэвхжүүлсэн. Хэдийгээр фракц биш санаачлага гэж гоёор нэрлэж байгаа ч уг фракцийг АН-ын жижиг “Алтангадас” гэж харах хүмүүс байна. Тэгвэл Хууль зүйн сайд Д.Дорлигжав АН дотроо Увс фракци байгуулсан гэх мэдээлэл улс төрийн хүрээнд хуй салхи шиг дэгдэж байна.
Хэрэв энэ хов үнэн бол сонгуулийн өмнө Ардчилсан намд өрнөж байгаа фракциудын задрал цаашдаа хуваагдал болох вий дээ гэсэн эмзэглэл ч байна.
Юутай ч намын даргынхаа амлалтыг эс тоож АН-ынхан фракци байгуулсаар. Чухамдаа З.Энхболд “Шонхор” фракциасаа албан ёсоор гарснаа зарласан ч албан бусаар илт дэмжиж, дээш нь татдаг. Энэ нь тус намын эмэгтэйчүүдийн байгууллагыг хэн толгойлох вэ гэсэн “өрсөлдөөн” дээр илүү тод анзаарагдсан.
Тус нам “Алтангадас”, “Шонхор”, “МоАХ”, “Кроун”, “Нэг ардчилал”, “МҮДН” гэсэн фракциудтай байсан бол нэмээд “МоАН”, “Увс” гэсэн фракциар жагсаалтаа үргэлжлүүлэх бололтой.
Үнэндээ бол АН-ын даргын амлалтад итгэсэн хүн тун цөөн. Амбиц ихтэй, эрх мэдэлд дуртай АН-ынхан фракцигүй болно гэж бодоход ч санаад буухааргүй. Харин МАН-ын дарга ингэж хэлсэн бол арай өөрөөр хүлээж авч болох байсан. Ингээд З.Энхболд даргын “төрсөн өдөр”-ийнхөө баяр дээрээс хэлсэн амлалт бол хаданд хашгирсан цуурай төдий болсоор.
А.ШАРХҮҮ