Хууль зүйн ухааны доктор, хурандаа Ширчингийн Сүхбаатарын бичсэн Монгол төрийн хошууч генерал Михлайн Борбаатарын тухай “Бор цэргээс Бороо генерал” номын нээлт өнөөдөр Батлан хамгаалах яамны танхимд боллоо. Уг номонд хурандаа генерал Б.Дорж, Б.Цог, Ж.Авхиа, Ж.Ендон болон УИХ-ын гишүүн Л.Болд гээд цаг цагийн Батлан хамгаалахын сайд нарын М.Борбаатарыг байлдагчаас нь эхлээд таньж мэдэж, дэвшүүлж өндийлгөсөн тодотголууд, найз нөхдийнх нь дурсамж, хамтран ажиллагсдынх нь сонирхолтой хууч яриа багтжээ. Номын нээлтэд номын зохиогч, М.Борбаатар генералын хань, үр хүүхэд, хамтран зүтгэж байсан журмын нөхөд, цэрэг эрс нь оролцсон юм. Тухайлбал, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан, ЗХЖШ-ын даргаар ажиллаж байсан дэслэгч генерал Ц.Тогоо, дэслэгч генерал Ц.Дашзэвэг, Батлан хамгаалахын дэд сайдаар ажиллаж байсан хошууч генерал С.Баасанхүү, ЗХЖШ-ын орлогч дарга, бригадын генерал Р.Сүхбат болон БХЯ, ЗХЖШ-ын газар, хэлтсийн дарга, харъяа нэгжийн удирдлагууд гээд Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүнийг нэг дор "цуглуулсан" арга хэмжээ болов. Нээлтэд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан "Миний хувьд М.Борбаатар генералыгаа 1984 оноос хойш мэднэ. Бид хамтдаа "Элит"-ийн батальоныг байгуулахаар хамтран зүтгэж байсан. Эр хүнийхээ хувьд дэндүү сайхан эр, цэргийн даргынхаа хувьд дэндүү шударга, офицер хүний төгс чанарыг өөртөө шингээсэн хүн байлаа. Хүний өмнөөс явдаг, салбарынхаа төлөө, цэргүүдийнхээ төлөө олон ажил хийж хэрэгжүүлснийг бид мэднэ. Монгол цэргийн үлгэр жишээ болсон энэ хүний тухай ийм сайхан бүтээл гаргасан Ш.Сүхбаатартаа талархаж байна" хэмээн онцолсон. Үүний дараа номын зохиогч, доктор Ш.Сүхбаатар "Хошууч генерал М.Борбаатар Зэвсэгт хүчний анги, салбар, Батлан хамгаалахын их сургууль, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Батлан хамгаалах яаманд удирдах албан тушаалуудад ажиллах хугацаандаа Улс орны аюулгүй байдлыг хангах, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний цэргийн удирдлагын манлайллыг хангах, Зэвсэгт хүчний Жанжин штаб болон Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудыг цэргийн ба захиргааны удирдлагаар ханган үүргээ амжилттай биелүүлэн ажиллаж ирсэн ажлын их баялаг туршлагатай Төр түмнийхээ итгэлийг хүлээсэн хөдөлмөрч, зохион байгуулагч шилдэг генералуудын нэг байлаа. Цэргийн шинэчлэлийг эрчимжүүлэн төрийн цэргийн бодлогыг хэрэгжүүлж, цэргийн байгуулалтыг боловсронгуй болгох замаар Зэвсэгт хүчний бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааг төгөлдөржүүлэн төлөвшүүлэх, стратегийн төлөвлөлт, цэргийн мэргэжлийн удирдлагыг улам боловсронгуй болгон сайжруулах, бэлэн байдлыг дээшлүүлэх, Зэвсэгт хүчний анги салбаруудын байлдааны болон тусгай үүрэг гүйцэтгэх боломж, чадавхийг нэмэгдүүлэхэд өөрийн ухамсарт амьдралаа зориулсан цэргийн шилдэг боловсон хүчний нэг байсан. Энэ хүнтэй богино хугацаанд хамтран ажилласан надад хүн чанар, давуу чанарыг үлгэрлэн харуулсан цэргийн жинхэнэ удирдагч хүн байсан юм. Миний бүтээл бол баримтын цуглуулга биш сэтгэлийн цуглуулга юм шүү" гэсэн юм. Мөн "Монгол генерал төв"-ийн тэргүүн, хошууч генерал С.Баасанхүү "М.Борбаатар генерал томилогдсон ажил албан тушаалд идэвх зүтгэл санаачилга гаргаж ажилласан, мэдлэг чадвартай, ажилд нягт нямбай тооцоо судалгаатай ханддаг, удирдан зохион байгуулах туршлагатай цэргийн дарга байлаа. Байлдагчаас генерал, салаан захирагчаас Төрийн нарийн бичгийн дарга болтол Зэвсэгт хүчинд 40 гаруй жилийг зориулсан удирдагч байсан" тухай онцолсон юм. Үүний дараа М.Борбаатар генералын гэр бүлийнхэнээс нь оюуны бүтээлийн нээлтэд БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байгаад талархсанаа илэрхийлээд номын дээжээс гардуулан өгсөн юм.