Ашигт малтмал олборлогчдын тээврийн замыг хаав

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

Ашигт малтмал олборлогчдын тээврийн замыг хаав

Авто тээврийн газар өнөөдөр ээлжит дуулиант мэдээллээ цацаж, ашигт малтмал олборлогч компаниудад хийсэн тээврийн үзлэг шалгалтын талаар танилцууллаа. Мэдээллийн халуун сэдэв Монголдоо цөөхөнд тооцогдох бүтээгдэхүүн хуваах гэрээгээр үйл ажиллагаа явуулдаг “Петро чайна дачин Тамсаг Монгол” компанийн тээврийн замыг хаасан тухай байв. Шалгалтыг тус газрын Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга, Авто тээврийн улсын байцаагч Д.Батбаатараар ахлуулсан есөн хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсгийнхэн явуулж, 10 зөрчил илрүүлсэн байна. Тиймээс дээрх зөрчлийг арилгах хүртэл “Петро чайна дачин Тамсаг Монгол” компанийн тээвэрлэх эрхийг түр хаахаар болжээ.

Авто тээврийн газраас дээрх компанид тогтоосон зөрчлүүдээс дурдвал, газрын тосны байнгын тээвэрлэлтийг гүйцэтгэхдээ Авто тээврийн эрх бүхий байгууллагатай 2011 оны гэрээ байгуулаагүй, салбарын сайдын баталсан маршрутын дагуу тээвэрлэлт хийдэггүйгээс болж тээврийн замд 20 орчим салаа зам үүсгэн, байгаль орчинд хохирол учруулсан зэрэг багтаж байгаа ажээ. Мөн замын засвар арчилгааг цаг тухайд нь хийдэггүй байснаас болж 30-60 см-ын ховил үүсч, дэржигнүүртэй болсон байна. Бичигтийн боомт Тамсагийн сав газрын чиглэлийн авто замыг засахдаа өргөнийг нь нарийсган аливаа тээврийн хэрэгсэл зөрөх боломжгүй болгожээ.

Түүнчлэн тээвэрлэлт хийж байгаа авто машинуудад шалгалт хийхэд жолооч нарын дунд тухайн тээврийн хэрэгслийн ангилал таарахгүй байх зөрчилж илэрч, БНХАУ-ын жолооны үнэмлэхээр Монгол Улсын дугаартай тээвэрийн хэрэгсэл жолоодуулсан тохиолдол илэрчээ. Бичиг баримтын тухайд ч зөрчилтэй байсныг хэвлэлийн бага хурал зохион байгуулагчид дурьдаж байлаа. 

Нэмж хэлэхэд, “Петро чайна дачин Тамсаг Монгол” компанийн тус бүр нь 25-30 тоннын даацтай 25-30 автомашин өдөр бүр газрын тос хилээр гаргадаг бөгөөд жилдээ хоёр сая тонн орчим түүхий газрын тос гаргадаг ажээ. Авто тээврийн газар хяналт шалгалт хийхдээ зөвхөн “Петро чайна дачин Тамсаг Монгол” компанийг онилоогүй юм байна. Тэд мөн “Оюутолгой” компанийн тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийж, нэлээд зөрчил дутагдал илрүүлснээ энэ үеэр мөн танилцуулсан юм.

Оюутолгой компанид тээвэр хийж байгаа тээврийн хэрэгслүүдийн хувьд бичиг баримтын бүрдэл хангалтгүй, машинууд нь улсын үзлэг тооллогод ч хамрагдаагүй байсан ба эдгээр зөрчил дутагдлыг арилгуулах шаардлагыг компанийн захиралд тавьж, арга хэмжээ авсан байна. Авто тээврийн газар 2011 оны төлөвлөсний дагуу дээрх шалгалтыг явуулсан ба ингэхдээ Хил хамгаалах ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллагуудтай хамтарчээ.
 
Үүний өмнө Авто тээврийн газар Тавантолгойн тээврийн замд шалгалт хийж, мөн байгаль орчныг сүйтгэсэн, осол гарах нөхцөл бүрдсэн зэргээс улбаалан хааж байсан. Харин тэдний заасан хугацаанаас өмнө ашиглалтад орсныг улс төрийн нөлөө, эсвэл хээл хахууль авсан гэх мэт хардлагыг иргэдийн дунд төрүүлж байсан юм. Үүнд хэвлэлийн бага хурал зохион байгуулагчид хариулахдаа, “Тус тээврийн замыг хааснаас арван хоногийн дараа компаниуд замаа сайжруулчихлаа, ирж үзнэ үү гэсэн санал тавьж байсан. Биднийг очиход төдийлөн шаардлага хангаагүй байсан тул тодорхой хэмжээгээр хойшлуулсан. Харин дараа нь мэргэжлийн хяналтын улсын байцаагчид зам шаардлага хангаж байна гэж үзээд хоригыг цуцалсан” гэж байв.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж