Аймгуудын наадам хэзээ болох вэ?

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

Аймгуудын наадам хэзээ болох вэ?

Энэ
жил дөрвөн ой давхцаж байгаа гэх наадамчин олон их л ач холбогдол өгч
байгаа. Тэгвэл үүнээс гадна аймгууд наадмынхаа товыг гаргажээ. Энэ жил
хэд хэдэн аймгийн том ой давхцаж байгаа учраас Улсын баярын дараа
наадмаа хийхээр төлөвлөв. Харин 13 аймаг үүнээс өмнө наадмаа хийхээр
болсон байна. Завхан аймгийнхан бусдаас түрүүлж баяр наадмаа хийсэн.
Ингээд бидэнд ирүүлсэн зарим аймгуудын наадмыг хуваарийг хүргэе.

-Өнгөрсөн
жил ойн баяраа нижгэр тэмдэглэсэн Говь-Алтай аймгийнхны наадам ердөө
есөн хоногийн дараа болох гэж байна. Харин их сунгаагаа энэ сарын 29-нд
зохион байгуулах ажээ.

-Баруун бүсийн даншиг наадам энэ жил
Увсад болох гэнэ. Учир нь, тус аймгийн түүхт 80 жилийн ой тохиож байгаа
юм. Ирэх сарын 28, 29-нд болох наадмын бэлтгэлд нутгийн удирдлагууд,
баяр наадмыг зохион байгуулах комисс нь хэдийнэ оржээ.

-Орхон
аймаг байгуулагдсаны 35 жилийн ой энэ жил тохиож байгаа. Гэсэн ч тэд
аймгийнхаа наадмыг улсын баяраас өмнө буюу ирэх сарын 8, 9-нд баяр
наадмаа хийхээр төлөвлөсөн байна.

-Говийн бүсийн даншиг наадам
Дорноговь аймагт болох нь. Тус аймгийн 80 жилийн ой болж байгаа учраас
ирэх сарын 29, 30-нд наадах гэнэ.

-Дорнод аймагт зүүн бүсийн наадам болно. Мөн л тэгш ойн жил давхцаж байгаа учраас ирэх сарын 29, 30-ныг сонгосон байна.

-Дархан-Уул аймгийнхан 50 жилийн ойтой учраас наадмаа ирэх сарын 23, 25-нд зохион байгуулахаар төлөвлөжээ.

-Говьсүмбэрийнхэн
аймгийнхаа 20, Сүмбэр сумын 80 жилийн ой энэ жил нүсэр хийх гэнэ. Тус
аймгаас төрсөн улсын арслан Д.Азжаргал тэргүүтэй бөхчүүд нутгийнхаа
наадамд оролцох бөгөөд ирэх сарын 29, 30-нд баяраа тэмдэглэх юм байна.

-Төв
аймгийнхан наадмыг товыг ихэд нууцалж байгаа бололтой. Учир нь,
өнгөрсөн жил тус аймгийн баяр наадмыг улсын цолтнууд үймүүлж орхисон.
Тиймээс нутгийн ард түмэн “улсын цолтнууд аймгийн баяр наадмыг
далимдуулж хэдэн төгрөг халааслах үүднээс найраа хийж, бөхийн барилдааны
таавар будлиантуулдаг” хэмээн ихэд дургүй байгаа аж. Сураг сонсоход
улсын баяртай аймгийнхаа наадмыг давхцуулах гэж байгаа бололтой.

-Ардын
хувьсгалын ойн баярыг гадаадад байгаа монголчууд хүртэл өргөн дэлгэр
тэмдэглэдэг уламжлал тогтоод багагүй хугацаа өнгөрчээ. Энэ жил ч гэсэн
уламжлал ёсоороо гадаадад байгаа монголчууд наадмаа тэмдэглэх аж.
Солонгост байгаа монголчууд наадмынхаа хуваарийг ирүүллээ. Тэд энэ сарын
26, 27-нд Мокмо хотод баяр дөрвөн их давхацсан баяр наадмаа тэмдэглэх
юм байна.

-Ховд аймгийн наадам долдугаар сарын 22-нд болно.

-Харин
Сэлэнгэ аймгийн хувьд энэ жил 80 жилийн ойгоо тэмдэглэх бөгөөд аймгийн
наадам долдугаар сарын 22-23-нд аймгийн төв Сүхбаатар хотод болох ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж