“Эрдэнэс Тавантолгой”-н жолооч С.Эрдэнэ өөрийгөө шатааж, үүнийхээ дараа Өмнөд Солонгост 280 сая төгрөгөөр эмчилгээ хийлгүүлж байгаа билээ. Түүний эмчилгээний бүх зардлыг компаниас нь гаргаж буй.
Үүний дараа МАН-ынхан сонгуулийн хар хайрцагаар сор залсан явдал ч бий. Эрх баригчдын болон дарга сайдуудын гаргасан шийдвэр бусад нам эвсэл, иргэдэд таалагдахгүй байж болно. Иргэд ч эрх баригчдын гаргасан шийдвэрийг эсэргүүцэж, шүүмжлэх эрх нь ч нээлттэй. Гэвч тэмцлийн мянга, мянган аргаас хамгийн аймаар хүчирхийллийн арга хэрэгслийг нь сонгож тэмцлээ илэрхийлж буйд л хамаг учир байгаа юм. Түүнээс эрх баригчдын гаргасан шийдвэрийг үг дуугүй хүлээж ав гэсэн үг биш. Гол нь монголчууд бид тэмцлийнхээ арга хэрэгслийг зөв сонгох ёстой.
Гэтэл сүүлийн үед өөрийгөө шатаах, хөхөө тайрах гээд хамгийн аймаар хүчирхийллийн аргаар айлгаж, сүрдүүлэх хүмүүс ч сүүлийн үед олшров.
Нийтийн тээврийн газраас ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн микро автобуснуудыг үйлчилгээнд явуулахгүй гэсэн шийдвэрийг гаргасан. Үүнийг Бага оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооныхон, Хувиараа тээвэр эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн гишүүд эсэргүүцэн өчигдөр жагсахдаа, энэ шийдвэрээ цуцлахгүй бол микро автобуснуудаа шатаана гэж “айлгав”.
Монгол Улс бол зэрлэгүүдийн нийгэм биш. Хууль дүрэмтэй, үүрэг хариуцлагатай эрх зүйт төртэй улс. Нэг хүний эрх бусдын эрхээр хязгаарлагддаг нийгэмд бид амьдарч байна. Тэгэхээр хэн дуртай юу дуртайгаа хийж болохгүй гэсэн үг. Нөгөө талаар микро автобуснуудаа шатаалаа гээд хэн хохирч үлдэх вэ. Хохирч үлдэх хүмүүс нь иргэд биш, улс биш өмчийн эзэд өөрсдөө шүү дээ.
Түүнчлэн НӨАТ-ын хууль болохгүй байна хэмээн кассын машинаа бас л шатаана гэж жижиг, дунд бизнес эрхлэгчид айлгав. Яасан ч хямдхан сэтгэлгээ, ямар аймаар сүрдүүлэг вэ?
Өөрийгөө шатаана, хар хайрцаг шатаана, машинаа шатаана хэмээн айлгаснаар хэн хожиж, хэн хохирох вэ? Эцсийн эцэст үүнээс өөрөөр тэмцлээ илэрхийлэх арга байхгүй гэж үү? Хүчирхийллээс хүчирхийлэл төрдөг гэдэг шүү дээ.
А.ШАРХҮҮ