Азийн өсвөрийн тамирчид Монголд өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

Азийн өсвөрийн тамирчид Монголд өрсөлдөнө

Ази тивийн дунд сургуулиудын спорт холбоодын чуулга уулзалт болохтой холбогдуулан Монголын хөнгөн атлетикийн холбооноос өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Зургадугаар сарын 25-нд Улаанбаатар хотноо болох Ази тивийн дунд сургуулиудын спорт холбоодын гүйцэтгэх зөвлөлийн хуралд Ази тивийн БНХАУ, Макао, Малайз, Индонез, Сингапур, Хонг-Конг, Иран, Тайланд зэрэг есөн орны 21 төлөөлөгч оролцохоор албан ёсоор мэдүүлгээ ирүүлээд байгаа аж. Хуралд оролцох төлөөлөгчдийн түрүүч маргааш өглөө манай улсад ирэх юм байна.

Энэхүү гүйцэтгэх зөвлөлийн хурлыг өөрийн орондоо зохион байгуулснаар Азид өсвөр үеийн бие бялдар, спортын чиглэлээр явуулж буй үйл ажиллагаанд манай улс идэвхитэй оролцох боломж нээгдэж байгаа юм. Хурлаар манай талаас өөрийн орны онцлогт тохирсон тодорхой мэдээллүүдийг хийж, цаашид Азийн өсвөр үеийн холбооны үйл ажиллагааг өргөжүүлэхэд Монгол Улс ямар асуудал дэвшүүлж хийх вэ гэсэн тодорхой саналуудыг тавихаар бэлджээ.

Мөн Монгол Улсад биеийн тамир, спорт үүсч, хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд  Монголын хөнгөн атлетикийн холбооноос зохион байгуулж буй Ази тивийн “Кросс гүйлт”-ийн өсвөр үеийн аварга шалгаруулах  тэмцээн энэ сарын 25-нд Тэрэлжид нээлтээ хийх талаар өнөөдөр мэдээлэл өглөө.  Нээлтийн ажиллагаанд Ази тивийн дунд сургуулиудын спортын холбоонуудын гүйцэтгэх зөвлөлийн бүх гишүүд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир спортын холбооны удирдлагууд, Монголын хөнгөн атлетикийн холбооны удирдлагууд оролцох ажээ.  
Одоогийн байдлаар Ази тивийн “Кросс гүйлт”-ийн өсвөр үеийн аварга шалгаруулах  тэмцээнд есөн орны 120 гаруй тамирчин оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. Манай улс түүхэндээ энэ төрлөөр Азийн хэмжээнд томоохон тэмцээнийг анх удаа хийх гэж байгаа юм. Тус тэмцээн нь хоёр насны ангиллаар явагдана. Үүнд  14-15 насны ангилалд охид гурван км зайд, хөвгүүд таван км-т уралдах бол, 16-17 насны ангилалд охид дөрвөн км, хөвгүүд зургаан км зайд  нэг улсаас нэг зайд дөрөв хүртэлх тамирчин оролцох гэнэ.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж