Хямрал монголчуудыг сургаж байна

Хуучирсан мэдээ: 2016.03.16-нд нийтлэгдсэн

Хямрал монголчуудыг сургаж байна

Хямралын бүх юм муу байдаггүй аж. Зарим талаар хямрал монголчуудад санхүүгийн сахилга баттай болоход нь тусалж байна гээд хэлэхэд буруудахгүй биз. Бие, биетэйгээ өрсөлдөн, хэн нэгэнтэй барьцан өөрийнхөө орлогоос давж гарсан хэрэглээтэй, ядуу хэрнээ тансаглах дуртай монголчууд сүүлийн үед санхүүдээ тооцоотой, хариуцлагатай ханддаг болсныг ч эдийн засагчид сайшаах болсон.  Өөрөөр хэлбэл, хямрал монголчуудыг орлогоо зөв зохистой зарцуулахад сургаж байна.

Цалин тэтгэврийн өсөлт мэдрэгдэхгүй, өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадаж буйг иргэд гомдоллодог ч үүнийг дагаад олсон хэдээ зөв зохистой зарцуулж, санхүүгийн төлөвлөгөөгөө сайн хийдэг болсон талаар албаныхан ч хэлж байна. Тухайлбал, банкин дахь хадгаламжийн хэмжээ тасралтгүй өссөөр байгаа нь үүний илрэл хэмээн тайлбарлаж байна.  Ялангуяа 2013 оноос хойш хадгаламжийн хэмжээ жилд 10 хувиар өсжээ.

Улсын хэмжээнд 6.6 сая хадгаламж бий гэх тооцоог Хадгаламжийн даатгалын корпорациас өгч байна. Гэхдээ энэ нь давхардсан тоо юм. Харин Бүртгэл статистикийн ерөнхий газрын өгсөн мэдээллээр өнгөрөгч хоёрдугаар сарын байдлаар улсын хэмжээнд хадгаламжийн хэмжээ 7.4 их наядад хүрчээ. Үүнээс төгрөгийн хадгаламжийн хэмжээ 5.4 их наядад хүрсэн байна.

Иргэдийн зүгээс “Орон сууцны зээлд цалингийн ихэнх хувьд явдаг ч гүрийж байгаад хадгаламждаа бага ч гэсэн мөнгө хийдэг”, “Цалингийнхаа 10 хувийг шууд хадгаламж руугаа хийдэг”, “Амьдралд юу ч тохиолдож болно. Тэр бүгдэд бэлтгэлтэй байхын тулд хуримтлал үүсгэдэг” гэх мэтчилэн ярьж байв. Харин ахмад настнуудын хувьд тэтгэврийн мөнгө бага учраас хуримтлал үүсгэх боломж байдаггүй гэлээ.

Ямартай ч өргөн хэрэглээний барааны үнэ өсч, цалин нэмэгдэхгүй болсон энэ үе иргэдэд санхүүгийн сахилга бат суулгасан том шалгуур болж байгааг албаныхан хэллээ. Энэ хэрээр иргэдийн санхүүгийн боловсрол, төлөвлөлт сайжрах болсон гэдгийг ч онцолж байсан юм.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж