-Та хоёр тэмцээнд оролцох гэж явна уу?
-Хэдэн сум тавих санаатай. Бид хоёр сая Төв цэнгэлдэхийн дэргэдэх сурын талбай орчихоод ирлээ. Тэнд засвар хийж байна лээ. Үүдэнд нь Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно гэсэн зарлал байхаар нь алхаад ирсэн юм. Одоо морин тойруулгын талбай явах уу даа.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Чимидийн Хувцагаан гэдэг. Одоо 70 нас хүрч байна даа.
-Сурын спортоор хичээллээд удаж байна уу?
-Би Говь-Алтай аймгийн уугуул хүн. Биеийн тамирын дээд сургуулийг 1967 онд хөнгөн атлетикаар төгссөн. Төгсөөд аймагтаа 17 жил биеийн тамирын багш, 10 жил дасгалжуулагч, 13 жил сувилахуйн чийрэгжүүлэлт хариуцсан мэргэжилтнээр ажилласан. Өмнө нь зуун буудалт даам, хөнгөн атлетик, самбо бөхөөр хичээллэдэг байсан. Нас ахиад ирсэн чинь Европ төрлийн спортоор хичээллэж чадахаа больдог юм байна. Тэгээд л ерөөсөө монгол хүн байна, үндэснийхээ спортоо дагная гэж бодоод 48 настайгаасаа сурын спортоор хичээллэж эхэлсэн. Одоо хичээллээд 20 гаруй жил өнгөрч байна.
-Сур харвахын сайхан нь юундаа байдаг юм бэ?
-Сурын харваа бол нэгдүгээрт Монголын уламжлалт спорт. Өмнө нь нум сум гэдэг зүйл хүмүүсийн хоолоо олж идэх хэрэглүүр байсан. Дараа нь эх орноо хамгаалах зэвсэг болж хувирсан. Одоо бол тоглоом наадам, спортын нэг төрөл болчихоод байна. Үүгээрээ их онцлогтой. Хоёрдугаарт, сур харваа нарийн дэг жаягтай. Сур харвахад заавал монгол дээлтэй хувцас, гуталтай байх ёстой. Түүнчлэн таньдаг, таньдаггүй гэлтгүй заавал мэнд усаа мэдэлцэнэ. Ер нь бол Монгол уламжлалыг хамгийн их хадгалж байгаа спорт. Өөр нэг онцлог нь насны хязгаар байхгүй. Найман настай балчираас наян настай буурал хүртэл харваж болдгоороо бусад спортоос ялгаатай. Мөн сур харвадаг хүмүүс бие биенээ таньдаг. Нэгэндээ маш их тусалдаг. Үүгээрээ их сайхан.
-Бас маш шударга спорт юм шиг ээ?
-Тийм шүү, маш шударга спорт. Бүх зүйл үзэгчид, харваачдын нүдэн дээр ил тод болж байдаг. Ямар ч будлиан байхгүй. Угаасаа будлиан гарах ч үндэс байхгүй.
-Сурын спорт маш олон ач холбогдолтой байх. Таны хувьд сур харвахын сайн тал нь юу байдаг вэ?
-Хараанд маш сайн. Мөн анхаарал төвлөрүүлдэг, нуруу цэх болгодог гээд зөндөө сайн тал бий. Нумаар бөгтөр хүн харвахгүй шүү дээ. Заавал цэх зөв зогсож байж харвадаг. Тиймээс манай харваачид дунд бөгтөр хүн байдаггүй. Чи хараарай, бидний дунд бөгтөр хүн нэг ч байхгүй. Бид чинь нумаа татсаар байгаад цэгц болчихдог. Цэвээн гуайг хар л даа, 80 гарчихсан байж сайхан цэх шүү дээ. Хүмүүс овоо уулан дээр гарч, ном тарни уншуулж хийморио сэргээдэг бол бид чинь хоёр сум тавиад л хийморио сэргээчихдэг. Нойр хүрээд байвал нумаа хөвчлөөд хоёр эвшээлгэхэд л нойр сэргэх жишээтэй.
-Энэ таны анхны нум уу. Их гоёмсог юмаа?
-Энэ нумыг би өнгөрсөн жил авсан. Анхны нумаа би Завхан аймгийн уугуул Санжаа гэдэг хүнээс авч байсан. Миний тэр нум 1960 оных. Одоо манай зээ харваж байгаа. Би тухайн үедээ 150 мянган төгрөгөөр авч байсан юм. Их л үнэтэй авчихлаа гэж бодож байлаа. Одоо бол дундаж нум 450 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Нумыг бугын эвэр, бод малын шөрмөс, хулсаар хийдэг. Бугын эвэр, шөрмөс нь ховордоод одоо нум үнэд ороод байгаа юм. Нэг нумыг хийхэд жилийн хугацаа ордог. Намар эхлээд хавар бэлэн болдог. Харваач бид чинь нумаа их нандигнан дээдэлдэг юм шүү дээ. Өөрийнхөө нумыг ер нь бол хүнд өгөхгүй. Нумынхаа дээгүүр, доогуур хүн гаргахгүй. Морь маллаж байгаа юм шиг л нумаа их бөөцийлнө. Нум шөрмөснөөсөө шалтгаалж хатуу, зөөлөн янз янз байдаг. Хатуу шөрмөстэй нумыг наранд тавина, зөөлөн шөрмөстэйг нь сүүдэрт тавина гээд нарийн зүйлүүд их бий. Миний анхны нумаар Сугармаа гэдэг охин маань харваж аймагтаа долоон удаа түрүүлж байсан.
-Охин тань аймгийн дархан мэргэн юм байна шүү дээ?
-Манай охидуудаас хоёр нь харвадаг. Нэг нь аймгийн дархан мэргэн, нөгөөх нь аймгийн гарамгай мэргэн. Би бас аймагтаа тав түрүүлж байсан аймгийн дархан мэргэн шүү. Энэ сайхан спортыг үр хүүхэд, ач зээ нартаа уламжлуулаад үлдээчих юмсан гэж их л хүсэх юм. Одоо манай ач зээ нараас хоёр охин, таван банди харвадаг.
-Энэ жил дөрвөн их ой давхцаж байгаа. Наадам ч ойртлоо. Та оролцоно биз дээ. Бэлтгэлээ хийж эхэлсэн үү?
-Оролцолгүй яах вэ. Бид бас уяачид шиг гал галаараа наадмын бэлтгэлд гардаг. Би Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг. Гэхдээ хотод суурьшаад удаагүй болохоор дүүргийнхээ хүмүүстэй нийлж чадалгүй галаасаа хоцорчихсон. Одоо хоёр зээ, нутгийнхээ нэг хүнтэй дөрвүүлээ гал болоод бэлтгэлээ хийж эхлэх гэж байна. Өсвөрийн сур харвааны аварга энэ сарын 23, 24-нд болно. Зээ хүүгээ оролцуулна. Ирэх сарын 1, 2-нд ахмадын харваа болно. Эрэгтэй 60, эмэгтэй нь 55 метрээс харвадаг юм. Манай ахмадын харваа их сайхан болдог. Зиндаа цолоороо жагсаж зогсдог. Тэр нь их гоё. Ер нь бол наадам болтол бэлтгэлээ сайн хийгээд тэмцээнд уралдаанд оролцоод байна даа.
-Миний дүү өөрийгөө танилцуулаач?
-Намайг С.Аюуш-Очир гэдэг. Би 10 настай. 65-р сургуульд сургуульд сурдаг. Сур харваагаар хичээллээд хоёр жил болж байна. Өнгөрсөн жил Говь-Алтай аймгийн 70 жилийн ойд анх удаа оролцоод хүүхдийн харваанд түрүүлсэн.
-Харваагаар хичээллэх юу нь гоё вэ?
-Ер нь гоё. Яг юу гэдгийг нь хэлж мэдэхгүй байна.
-Олон спорт байхад яагаад заавал сур харваагаар хичээллэх болсон юм бэ?
-Манайхан бараг гэр бүлээрээр үндэсний спортоор хичээллэдэг. Нэг талаараа миний сонирхол. Ээж, өвөөгийнхөө гаргасан амжилтыг уламжлан авч үлдэхийг хүссэн юм.
-Чамд нум байгаа юу?
-Ахын маань харваж байсан нумаар би харвадаг. Ах урлаг хөөсөн учраас би нумаар нь харвадаг юм. Гэхдээ өнгөрсөн жил нумынхаа шөрмөсийг нь гэмтээчихээд янзлуулах гээд өгчихсөн байгаа. Одоо өвөөгийн нумаар харваж байна.
-Өвөөгийнхөө нумаар харвахаар хэцүү биш үү?
-Жаахан хэцүү л дээ. Хэдийгээр өвөөгийн нум их том ч одоо харваж сурч байна.
-Улсын наадамд оролцох уу?
-Тийм ээ. Саяхнаас бэлтгэлдээ орсон.
"Спортын шуудан” сонин