Монгол Улсын иргэд хилийн чанадад хулгайн хэрэгт холбогдох нь нэмэгджээ. Хамгийн сүүлд л гэхэд 10 гаруй удаагийн хэрэг үйлдсэн байж болзошгүй дөрвөн иргэнийг саатуулжээ. Тэднийг энэ сарын 12-нд орон байрны хулгайн хэрэгт сэжиглэн саатуулсан байна. Одоогоор тэдний гурав нь хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрчээ. Харин нэг нь үйлдээгүй гэх мэдүүлэг өгсөн байна. Дөрвөн иргэний зүгээс өөрсдийн мэдээллийг Элчин сайдын яаманд хүргэхгүй байх хүсэлт гаргасан талаар Гадаад хэргийн яамнаас мэдээлсэн юм. Одоогоор тэдэнд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Тэгвэл үүнээс өмнө Монгол Улсын зургаан иргэн 30 орчим мянган ам.долларын эд зүйлс хулгайлсан хэргээр Тайваний Тайпей хотод саатуулагдсан талаар бид мэдээлсэн билээ. Эдгээр иргэдийн хувьд гар утас, эд зүйлс, бараа бүтээгдэхүүн хулгайлсан нь камерын бичлэгээр илэрсэн байна. Одоогоор хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж. Ер нь Монгол Улсын иргэд БНХАУ-д гар утасны хулгайн хэрэгт холбогдох нь нэмэгдсэн байна.
Монгол Улсын иргэд хилийн чанадад хулгайн хэрэгт холбогдох нь нэмэгдэх болжээ. Тухайлбал, өнгөрсөн жил л гэхэд 252 хэрэгт холбогдож байсан аж. Тэгвэл энэ он гарсаар Монгол Улсын иргэн хилийн чанадад 59 хэрэгт холбогджээ. Үүний 50 нь хулгайн хэрэг юм байна. Эдгээрийн ихэнх нь буюу 40 гаруй нь БНХАУ-д, дөрөв нь Японд, үлдсэн нь БНСУ-д гарчээ. Энэ мэт хулгайчдаас болоод гадаадынхан "Монголчуудад үйлчлэхгүй" гэсэн хаяг хүртэл хадах болсон мэдээлэл ч бий. Бид гадаадынханд "Хулгайч Монгол"-оор нүдлэгдэх нь улс орны нэр хүндэд ч муухай л юм даа.
Б.ЗАЯА