Камбожийн лидерийн Фэйсбүүкт алдаршсан нууц тактикийн цаана лайк дардаг гадаадын компаниуд ажиллаж байсан нь ил болоод байна. Тус улсын төрийн эрхийг 30 гаруй жил барьж буй Ерөнхий сайд Хун Сен сүүлийн үед технологи, нийгмийн сүлжээг тун их сонирхдог болсон нэгэн.
Хун Сен өнгөрсөн есдүгээр сард өөрийнх нь нэртэй Фэйсбүүк хуудас түүний албан ёсны хуудас мөн гэж мэдэгдсэнээс хойш цахим хуудас нь “лайк”-д дарагдах болсон гэдэг. Гэвч өнгөрсөн сард Камбожийн лидерийн Фэйсбүүк цахим хуудас нь “лайк”-ийн тоогоор сөрөг хүчний удирдагч Сэм Рейнсигийн цахим хуудсанд бут цохиулсан аж.
Ерөнхий сайд Хун Сений Фэйсбүүк дэх найзуудын тоо гурван сая давахад цахим хуудсанд өнгөрсөн сард нэмэгдсэн “лайк”-ийн тэн хагасаас илүү хувь нь Камбожийн биш, Энэтхэг, Филлиппин зэрэг орны цахим хэрэглэгчид байсан нь шуугиан дэгдэх эхлэл болсон юм. “socialbakers.com”-“ийн цахим шинжээчдийн тогтоосноор Хун Сений Фэйсбүүк хуудсанд өнгөрсөн сард лайк дарсан 779,000 хэрэглэгчийн 157,331 нь л Камбожийн IP хаягтай байжээ. Хамгийн хачирхалтай нь хамгийн олон буюу 255,692 лайк дарсан IP хаяг нь Энэтхэгийн хэрэглэгчдийнх байсан бол өнгөрсөн нэг сарын дотор Филиппинээс 98,256, Бирмээс 54,972, Индонезээс 46,368, Бразилиас 26,527, Мексикээс 12,980, Туркээс 4,783, Арабын нэгдсэн Эмиратаас 3,952 хэрэглэгч лайк дарсан байв.
Бас нэг зүйл нь Хун Сений гадаад дах 1.2 сая цахим найзын 50 хувь нь буюу 591,717 хүн өнгөрсөн нэг сарын дотор түүнтэй найз болох хүсэлт явуулсан байжээ.
Гурван сая дах найзаа бүртгэсний дараа Хун Сен Фэйсбүүк хуудсандаа “Гуравдугаар сарын 6-нд гурван сая найзтай болсон Фэйсбүүк хуудасныхаа эх орон нэгтнүүд болон хилийн чанад дах бүх найзууд, дэмжигчиддээ баярлалаа” гэжээ. Харин Камбожийн сөрөг хүчний лидер Хун Сений кабинетын гишүүдийг Ерөнхий сайдын Фэйсбүүк хуудсанд лайк дарахыг ятгаж, Камбожийн Ардын намын гишүүдийг дарамталсан, мөн хуурамч лайк даруулахаар гадаадын компаниудыг хөлсөлсөн гэж буруутгаж, шүүхэд өгсөн билээ.
Сөрөг хүчний лидерийг гомдол гаргасан даруйд Хун Сений цахим хуудсыг хариуцсан сайд Сэм Рэйнсиг үнэнийг гуйвуулсан гэж шүүхэд өгч, 5,000 ам.доллар нэхэмжилсэн байна.
Камбожийн Ерөнхий сайд Хун Сений Фэйсбүүк хуудас 3.2 сая лайктай бол сөрөг хүчний лидер Сэм Рэйнсигийнх 2.2 сая лайктай аж.
Гэвч цахим шинжээчдийн үзэж буйгаар Камбож шиг жижиг улсын ийм олон лайк бол маш их тоо гэнэ. Жишээлбэл Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмероны албан ёсны Фэйсбүүк хуудас л гэхэд ойролцоогоор нэг сая лайктай. Их Британи хүн амынхаа тоогоор Камбожоос дөрөв дахин их, нөгөө талаар хүн амын 90 хувь нь интернэт хэрэглэдэг. Харин Камбожийн хүн амын дөнгөж 10 хувь нь интернэт ашигладаг гэсэн тооцоог харвал гурван сая лайк ямар их тоо болохыг та төвөггүй ойлгох биз ээ.
Нэр төрөө өсгөхөд цахим хэрэгслийг чамгүй ашиглаж сурсан Ерөнхий сайд Хун Сен цахим хуудсандаа “Фэйсбүүк намайг иргэдэд улам ойртуулж, тэдний үгийг шууд сонсох боломж олгосон” хэмээн бичжээ.
“Лайк” ажиллагаа явуулдаг компаниуд нь хямд ажиллах хүчээ хуурамч хаяг үүсгэхэд ашиглаж, нийгмийн сүлжээнд олон лайк, найзтай болох гэсэн нэгэнд худалддаг байна. “Click farms” хэмээн нэрлэх болсон компаниудын нээсэн хуурамч хаягнуудыг Фэйсбүүк компани байсхийгээд устгадаг. “Лайк” ажиллагаа явуулсан иймэрхүү хэргүүд өмнө нь Энэтхэг, Индонези, Бангладеш мөн Филиппинд гарч байжээ.
Австралид төвтэй “Бид цахим ертөнцийнхөн” нийгмийн сүлжээний зөвлөх байгууллагын гүйцэтгэх захирал Сьюзи Шау хэлэхдээ “Лайк худалдаж авдаг арга үеэ өнгөрөөсөн. Гэсэн ч иймэрхүү явдал хөгжиж буй орнуудын цахим сүлжээнд гарсаар байна. Үүний ашиг тус гэж юу ч байхгүй. Цаг, мөнгөө үрсэн явдал” гэжээ.
Алдартай хүмүүсийн цахим хуудас үнэхээр тийм олон дагагчтай, найзтай эсэхийг мэдэхийн тулд газар зүйн байрлалаар нь дүн шинжилгээ хийх нь хамгийн зөв арга хэмээн ярьсан байна.
Камбожийн Ерөнхий сайд хуурамч “лайк” цуглуулсан дуулианд өртөж байгаа анхны улстөрч биш. 2015 оны долдугаар сард Америкийн тэрбумтан, одоо ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшихээр өрсөлдөж буй Доналд Трамп ийм дуулианд өртөж байсан юм. Тухайн үед “Vocativ”-ийн шинжээч түүний албан ёсны цахим хуудсанд “лайк” дарсан хэрэглэгчдийн IP хаягны 42 хувь нь л АНУ-ын хэрэглэгчдийнх болохыг тогтоосон. Одоо Доналд Трампийн цахим хуудас 4.6 сая “лайк”-тай болсны дөрөвний гурав нь АНУ-ын хэрэглэгчдийн IP хаягнаас дарсан байгаа юм.
Н.ЭНХ