Бөхчүүдийн хамгийн эхний сорилго бол 2011 оны есдүгээр сарын 12-18-нд Туркийн Истанбулд болох Дэлхийн АШТ. Тэнд олимпийн жин бүртээ шилдэг зургаад багтаж гэмээнэ Лондонг зорих эрхтэй болно. Нийтдээ 108 бөх Истанбулаас олимпийн эрхээ өвөртөлнө. Дараа нь тивүүдийн сонгон шалгаруулах тэмцээнтэй бөгөөд Азийн хүчтэнүүд 2012 оны гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 1-нд Казахстаны Алматыд Азийн бүсийн тэмцээнтэй юм. Олимпийн жин бүрт эхний хоёр байрт багтвал энэ шатнаас эрхээ биелүүлнэ. Европ, Ази, Америк тивийн болзол яг адилхан ийм бол Африк-Далайн орнууд дундаа хамтарсан тэмцээнтэй, жин бүрт хоёр хүний квоттой. Эдгээр орнууд бөхийн хөгжлөөр харьцангуй сул учир ингэж эрхээ тануулсан бололтой. Дахин 144 бөх олимпийн эрхтэй болно гэсэн үг.
Олимпийн эрх биелүүлэх гуравдахь шат нь 2012 оны дөрөвдүгээр сарын 25-29-нд өмнөд хөршийн Тайюаньд, дөрөвдэх буюу сүүлчийн тэмцээн түүнээс долоохон хоногийн дараа (тавдугаар сарын 2-6-нд) Финландын Хельсинкид болно. Аливаа тэмцээнээс олимпийн эрхээ авсан бөхтэй улс тухайн жиндээ дараагийн тэмцээнүүдэд оролцох ёсгүй билээ. Тайюаньд жиндээ эхний гуравт багтсан эрэгтэй, эхний хоёрт шовхорсон эмэгтэй бөхчүүд Лондонд зодоглох эрхээ баталгаажуулна. Эндээс 50 бөх эрхээ авна. Харин Хельсинкиэс аль ч жинд алт, мөнгөн медаль зүүж байж л олимпийн визээ хүртэх юм. Сүүлчийн дөрөвдэх шатнаас 36 бөх нэмэгдэнэ.
Нийт дөрвөн шатны уралдаан тэмцээнээс 338 бөх Лондон-2012 олимпийн эрх авна. Олимпийг зохион байгуулагч Их Британиас дурын гурван жинд төлөөлөл оруулахаар Олон улсын олимпийн хороо, Олон улсын бөхийн холбоо-FILA шийдвэрлэжээ. Харин цагаан хуудас-урилгын тоог ердөө гурваар тогтоосон байна. Ингэхээр Лондонд барилдах бөхчүүдийн тоо 344-ээс хэтрэхгүй гэнэ.