Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн сайд С.Ламбааг хэд хоногийн өмнө Үйлдвэрчний эвлэлийн С.Ганбаатар нарын нөхдүүд буланд шахах гэж оролдоод чадаагүй. Одоо бодоход тэд үйлдвэрчний байгууллагын XX их хурал нь дөхсөн учраас С.Ламбаа сайдыг онилж шоу хийсэн юм шиг ээ. Их ч хоргоосон доо. “Энэ салбар элгээрээ хэвтлээ. Мэргэжлийн бус энэ сайдыг нь хар. Өвчтөнөөс гадна эмч, эмнэлгийн ажилчид нь хүртэл гудамжинд гарчихлаа” гээд л авч өгсөн. Энэ хэрүүл, тэмцэл намжаагүй байтал Нийслэлийн про­курорын газраас уржигдар Эрүүл мэндийн сайд С.Ламбаад хаягласан нэгэн мэдэгдлийг хүргүүлжээ. Тус прокурорын газраас хяналт тавьж байгаа эрүүгийн хэргүүдийг хянах явцад эмийн худалдаа, үйлчилгээ эрхэлдэг томоохон ком­паниуд  сэтгэцэд нөлөөтэй за­рим эм, тариа ямар ч тусгай зө­в­шөөрөлгүй эмийн сангуудад ний­лүүлж, иргэдэд худалдаалж байгааг тогтоосон байна.Тиймээс холбогдох хуульд зааснаар эрүүл мэндийн асуу­дал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага үүнийг бүрэн хяналтдаа байлгах ёстой учраас ийнхүү сайдад ханджээ. Түүгээр ч зогсохгүй хяналт тавих үүргээ хангалтгүй хэрэгжүүлж, хуулийг гууль болгож байгаа нь энэ төрлийн гэмт хэрэг  гарахад нөлөөлж байна гэж үзжээ. Тиймээс Нийслэлийн прокурорын зүгээс үүнд анхаарал хандуулахыг хүсээд С.Ламбаа сайдад нэг сарын хугацаа өгчээ. Хувийн өмчийг үзэн яддаг байсан социализмын үед ч овсгоо самбаагаараа ялгарч, хувьдаа “Лада”-тай хэдхэн хүний нэг гэгдэж явсан С.Ламбаа сайд маань ойрдоо нэг л бүтэлгүй байх чинь. Сав л хийвэл завтай бүхэнд загнуулж, чичлүүлж  байдаг болжээ. Уг нь хэний ч арга эвийг олчихдог хүн гэдэгсэн.

Н.МӨНХТӨВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж