Английн Линкольншир хотын цагдаагийн газарт осол гаргасан хэргээр саатуулагдсан нэгэн этгээд гар утсаа хянагчид мэдэгдэлгүйгээр авч орж, хоригдсон камерынхаа зургийг авч, Фэйсбүүк хуудсандаа оруулжээ. Гэмт этгээдэд шоронгийн хоолноос бусад нь тун дажгүй санагдсан гэнэ. Тэрбээр шоронгийн нөхцөл байдлын талаар газар дээрээс нь ингэж бичжээ. “Би энэ газарт дөрвөн од үнэлгээ өглөө. Харин өдөр нэг л хоол өгдөг нь жаахан тийм. Түүнээс гадна эндхийн ажилтнууд маш найрсаг. Камер тохилог сайхан. Зай талбайг маш сайн ашигласан, илүү дутуу зүйлгүй шийджээ. Мэдээж найдвартай, аюул заналхийлэлгүй. Ядарсан өдрийн дараа амрахад тун тохиромжтой. Би энд заавал эргэж ирнэ ээ” гэжээ.
Гэмт этгээдийн шоронгоос илгээсэн зураг, сельфи тэр дорхноо 2,500 хүнд тарсан бөгөөд гар утас яаж дотогш авч орсон нь цахим ертөнцөд шуугиан тариад байна. Хоригдсон этгээдийн дураараа аашилсныг мэдсэн шоронгийн удирдлага хэргийг шалгаж, шоронгийн дотоод журмыг зөрчсөн гэж үзсэн гэнэ.
Н.ЭНХ