Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Баясгалан, С.Жавхлан нарын “Илгээлтийн эзэн” хандивын хамтарсан тоглолт өчигдөр Монгол бөхийн өргөөнөө боллоо. Хамтын уран бүтээл эхлүүлснээс хойш 13 жилийн дараа хийж буй хамтарсан тоглолтоороо малчдад туслах “Илгээлтийн эзэн”аян өрнүүлж байгаа юм. Өчигдрийн тоглолтоор аяны салхийг хагалж, 200 гаруй хувь хүн, 20 гаруй байгууллага аж ахуйн нэгжээс хандив тусламж өргөсөн билээ.
Залуу гавьяатууд хамтарч цөөнгүй бүтээл туурвисан ч хамтран тоглож байсан удаа үгүй. Тиймээс ч бөхийн өргөө үзэгчдээр дүүрч, фэнүүд нь даган дуулж байлаа. Тоглолтод Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Баясгалан, С.Жавхлан нар олны дунд хит болсон олон сайхан дуугаараа ая барьсан төдийгүй нэг нь нөгөөгийнхөө дууг сольж дуулан сюрприз барьсан юм. МУГЖ Т.Баясгалан “Алсад суугаа ээж”, МУГЖ С.Жавхлан “Ээжийг минь яаж гүйцэхэв дээ” дууг дуулсан нь үзэгчдэд сонирхолтой санагдаж байсныг өгүүлж байлаа.
17 аймгийн 62 сум “Цагаан зуд”-тай, 15 аймгийн 51 сумын малчид “Цагаанаар зудархуу” байдалд хаваржиж байна. Тиймээс малч түмэндээ сэтгэлийн дэм болгохоор хандивын тоглолт санаачилсан нь энэ юм. Тоглолтын үеэр үзэгчид дундаас олон хөгшид өөрсдийн гараар урласан нэмнээ, элгэвч, лаа шүдэнзийг гавьяатуудад гардуулан малчдад хүргэхийг захилаа. “Илгээлтийн эзэд” тоглолтыг “Хөрш заан” компани, “Баясгалантай дэлхий” эмнэлэг, үндэсний үйлдвэрлэгч “Бэст буйдан” зэрэг олон газрууд дэмжин ажиллав.
"Илгээлтийн эзэн" хандивын хамтарсан тоглолт гуравдугаар сарын 16,19-нд дахин тоглоно.
Д.ЦЭЭНЭ