Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын яам, Батлан хамгаалах яам хооронд 2016-2017 онд харилцан хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа. Санамж бичигт БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, БХЯ-ны сайд Ц.Цолмон нар гарын үсэг зурсан юм. Сайд нарын зурсан энэхүү санамж бичгийн зорилго нь Монгол Улсын нийгэм эдийн засаг, хөгжлийн хандлага, экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад чиглүүлэн хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулах, байгалийн нөөц баялгийг хамгаалах, байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар ногоон хөгжлийг хангах юм.
БОНХАЖЯ-ны харъяа аймгууд дахь байгаль орчны газрууд болон Батлан хамгаалах яамны орон нутгийн цэргийн байгууллагуудтай хамтран хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулах, батлан хамгаалах салбарын усны нөөцийн хэрэглээг хэмнэх, цэргийн ангиудтай хамтран газрын хөрсийг нөхөн сэргээх юм. Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтыг бэхжүүлэх, Ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, хууль бус мод бэлтгэлийг таслан зогсоох, ойн нөөцийн хомсдол доройтлоос сэргийлэх, цэргийн анги байгууллагуудыг ногоон бүс орчинтой болгох үүднээс цэцэрлэгжүүлэх, моджуулах ажлыг бодлогоор дэмжихээ илэрхийлжээ. Хамтран ажиллах санамжид Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн бүсүүдэд ой цэвэрлэгээний ажлыг хамтран зохион байгуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд удахгүй ажлаа эхлүүлэхээр боллоо.
А.АМАР