Грек ангалын ирмэгт иржээ

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

Нано технологиороо алдартай АНУ-ын “Apple” компанийн нийт хөрөнгө Грекийн эдийн засгийн хэмжээгээс давж гарчээ. Үгүй ээ, аль эсвэл Грек хэмээх бүхэл бүтэн улсын эдийн засаг ганц компанийн энд хүрэхгүй болтлоо доройтлоо гэж ч хэлж болох юм. Өнөөдрийн байдлаар Грекийн дотоодын нийт бүтээгдэхүүн 330 тэрбум ам.доллар болчихоод байна. Засгийн газар нь төсвийн зардлаа их хэмжээгээр танаж байгаа энэ үед ингэхээс ч аргагүй. Ирэх он гэхэд тус улсын эдийн засгийн нийт үзүүлэлт 300 тэрбум ам.доллар хүрэхтэй үгүйтэй болно гэх таамгийг шинжээчид гаргасан. “Apple” компанийн хөрөнгийг ажилчдад нь хувааж үзэхэд нэг хүнд зургаан сая ам.доллар ноогддог. Харин Грекийнх иргэн бүрт нь 30 мянган ам.доллар ноогдож байна. Тийм учраас Грекийг “Аpple”-ийн хэмжээнд хүрэхгүй байна хэмээн гадны хэвлэлүүдэд онцлох болжээ.

Грекийн зээлийн чадамжид олон улсын шинжээчид “C” ангилал өгчээ. Энэ үнэлгээг бараг дампуурах гэж байгаа оронд өгдөг бололтой юм. Хэрэв “D” үнэлгээ рүү орчихвол тухайн улсыг эдийн засгийн хувьд бие даан оршин тогтнох чадваргүй боллоо гэж дүгнэдэг. Ийм нөхцөл байдал дунд Олон улсын валютын сан, Европын холбоо Грект дахин санхүүгийн тусламж өгөх асуудлыг түр хойш нь тавьж, нарийвчлан бодолцож үзэхээр болжээ.

Өнгөрсөн оны тавдугаар сард Грек улс Олон улсын валютын сан, Европын холбооноос 110 тэрбум еврогийн тусламж авсан билээ. Энэ өрөө төлөхийн тулд тус улс нийгмийн халамжийн салбарт зарцуулах хөрөнгөө эрс багасгаж, төрийн мэдлийн нэгжүүдээ хувьчлах зорилт тавьсан. Зээл авснаас хойшхи жил гаруйн хугацаанд Грект 400 мянган хүн ажилгүйчүүдийн эг­нээнд шилжжээ. Засгийн газраас нь гаргасан бондын өгөөж өдөр ирэх бүр нэмэгдэж байгаагаас тус улс өрөө төлж чадахгүй гэх хардлага улам даамжрах болсон. Энэ бүхэн нь арай хийж тогтворжиж байсан еврогийн ханшийг унагах болж. Францын Ерөнхийлөгч Н.Саркози нэгэнтээ “Евро байхгүй болбол нэгдсэн Европ гэж байхгүй болно. Хэрэв нэгдсэн Европ үгүй болбол энх тайван, тогтвортой байдлын тухай яриад ч хэрэггүй” хэмээн хэлсэн байдаг. Тиймээс еврог “амьдруулах”-ын тулд Европын холбооны удирдлагууд бүх хүчээ дайчлах бололтой. Гэхдээ энэ удаад дахин зээл олгохоос татгалзсан явдал нь тэдний өмнөх арга үр дүнгээ өгөхгүй байна гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг хэмээн шинжээчид дүгнэжээ.

Энэ үед Грекийн улс төрд тогтворгүй байдал үүсэхэд ойрхон болж, олон зуун мянган хүн Засгийн газрынхаа бодлогыг эсэргүүцэн гудамжинд жагсаж байна. Грекийн Ерөнхий сайд Жорж Папандрэоу Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах замаар улс оронд нь үүсээд буй хурцадмал байдлыг намжаахыг оролдож байгаа. Эдийн засаг нь тогтворгүйжихийн хэрээр Грекийн улс төрийн нөхцөл байдал ч хурцдаж байна. Энэ байдлаараа дахин сонгууль зарлабал сөрөг хүчин болох Шинэ ардчилсан нам ялах нь гарцаагүй юм.

Уг нь Грекийн дотоодын нийт бүтээгдэхүүн Евро бүсийн нийт эдийн засгийн хоёр гаруй хувийг бүрдүүлдэг. Гэхдээ 2008 онд АНУ-ын санхүүгийн хямрал “Lehman Brothers”-ийн дампуурлаар эхэлж байсан билээ. Харин энэ удаад Европын “Lehman Brothers” нь Грек болж байгаа бололтой. Учир нь бүс нутгийн эдийн засгийг бүхэлд нь авч явж байгаа Герман, Франц тэргүүтэй орны банкууд Грекийн банкуудад олгосон зээлээ эргүүлэн авч чадахгүй байж магадгүй юм. АНУ-ын банкууд ч мөн адил Грекийн эдийн засгийн уналт, сэргэлттэй шууд бус хамааралтай. Одоогийн байдлаар Грекийн Засгийн газрын бондын гуравны  хоёр хувийг гадны  тэр дундаа Европын томоохон банкууд мэдэлдээ авчихсан байгаа. Зөвхөн Францын банкууд л гэхэд 19.8 тэрбум еврогийн өртөг бүхий бонд эзэмшдэг. Харин хувийн хэвшлээс 42.1 тэрбум еврогийн бонд авсан. Бусад банкны хувьд мөн л үүнтэй адилхан дүр зураг харагдаж байгаа. Гэхдээ тус улсын хувьд дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байхад Ирландын томоохон хоёр ч банк дампуурчихсан. Тэгсэн хэрнээ өнөөдрийг хүртэл улс орных нь эдийн засаг сүйрчихээгүй байна. Харин Грекийн банкууд дампуурлаа зарлаж эхэлбэл Ирландаар тогтохгүй Португаль ч мөн хүнд байдалд орох юм. Ямартай ч Европын холбооны Сангийн сайд нар Люксембургт хуралдаж, Грект өгөхөөр төлөвлөж байсан 12 тэрбум еврогийн санхүүгийн тусламжийг бууруулж, зургаан тэрбум евро болгохоор шийдвэрлэсэн юм. Гэхдээ энэ зээлээ хэзээ олгох нь тодорхойгүй байна. Харин Олон улсын валютын сангийн ажиглагчид Грекийн асуудлыг намжаахгүй бол ойрын гурван жилийн дотор олон улсад дахин санхүүгийн хямрал эхэлнэ гэж дүгнэжээ.

Т.ЭЛИСА

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж