Египетийн Хууль зүйн сайд телевизээр хэлсэн үгнээсээ болж албан тушаалаасаа огцорчээ. Ахмед аль – Зинд Египетийн төв телевизэд ярилцлага өгснийхөө дараа огцорсон байна. Түүнийг огцруулсан шалтгааныг дурьдаагүй боловч телевизээр ярьсан зүйл нь олон хүний эсэргүүцэл, дургүйцлийг төрүүлсэн юм байна.
Ахмед аль – Зинд телевизийн сэтгүүлчийн асуусан “Та сэтгүүлчдийг шоронд хорих уу ?” гэсэн асуултанд “Зөнч Мухаммед байсан ч ялгаагүй хорино” хэмээн хариулсан аж. Түүний хэлсэн үг тэр дорхноо цахим ертөнцөөр тарж, Твиттерт түүнийг огцруулахыг шаардсан кампанит ажил өрнөсөн байна. Ахмед аль – Зинд хэлсэн үгнийхээ төлөө уучлал гуйж, “Хэл халтираад л хэлчихсэн” гэсэн боловч хэтэрхий оройтсон аж.
Ахмед аль – Зинд өнгөрсөн оны тавдугаар сараас Египетийн Хууль зүйн сайдаар ажиллаж байжээ.
Н.ЭНХ