ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Сири улсаас цэргийн гол хүчийг эргүүлэн татахыг тушаажээ. Женевт Сирийн энхийн яриа хэлэлцээ эхэлснээс цагийн дараа Владимир Путин тушаалаа гаргасан аж. ОХУ-ын армийн Сири дэх цэргийн үйл ажиллагаа зорилгоо биелүүлсэн хэмээн Владимир Путин хэлсэн байна. Гэхдээ Сирийн Латакиа муж дахь Хмеймим агаарын бааз болон Газар дундын тэнгис дэх Тартус тэнгисийн баазын ажиллагааг хэвээр үлдээх гэнэ.
ОХУ нь өнгөрсөн оны есдүгээр сараас хойш “Исламын улс” бүлэглэлийн эсрэг Сирид цохилт өгч эхэлсэн юм. ОХУ-ын Сири дэх цэргийн ажиллагаа нь исламын хэт даврагчдын эсрэг тэмцлээс илүү ерөнхийлөгч Башар аль-Ассадыг дэмжих зорилготой гэж Барууныхан үздэг. Учир нь ОХУ Сирид цохилт өгч эхлэхийн өмнө Башар аль-Ассадын дэглэм нуран унахад ойрхон байжээ. Харин өнгөрсөн зургаан сарын хугацаанд Сирийн засгийн газрын арми 10 мянган кв км газрыг босогчдоос чөлөөлж чадсан аж.
Сирид таван жил үргэлжилсэн иргэний дайныг дуусгах энхийн яриа хэлэлцээ Женевт дахин эхэлжээ. Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассадыг суудлаас буулгахын төлөө эхэлсэн зөрчил тэмцэлд өнгөрсөн хугацаанд 260 мянга гаруй хүн амь үрэгдэж, олон сая хүн орон гэрээ алдан дүрвээд байна.
Эх сурвалж: ВВС
Б.АНХТУЯА